スキップしてメイン コンテンツに移動

Аврал эрсэн төв номын сан

Монгол улсын маань оюуны бүтээлүүд хуримтлагдсан номын их өргөө ,<<Улсын төв номын сан>>гийн ном хадгалалтын даац хэтэрч,цаашид үйл ажиллагаа явуулахад маш хүнд байдалтай байгаа юм байна.
News City- цахим хуудсанд тавигдсан мэдээллийг бүрэн эхээр нь доор  хуулбарлан тавьлаа.


 Эх сурвалжийг→  http://www.news.mn/content/84580.shtml





Монголын төдийгүй дэлхийн соёлыг хадгалж байгаа Үндэсний төв номын санг зорин очлоо. Гурван давхар шар байшин. Гаднаас нь харахад өнгө будаг нь гандаад аль хэдийнэ “өвгөрчээ”. Үүдээр нь орвол  өлгүүрийн дэргэд зогсох хэдэн хүнээс өөр, карт нээж, уншигчдад үйлчилдэг цонхны дэргэд хэн ч байсангүй. Ажил цуглаад удаагүй болохоор ч тэр үү нэг л эл хуль. Дугуйрсан өргөн шатаар дээш өгслөө. Өндөр тааз, том цонхтой эл өргөө саруулхан, гэгээлэг. Шат дагуулан өнгө өнгийн цэцэг өрж, өнгөц харахад тун ч цэвэр цэмцгэр юм. Ном хадгалалт, хамгаалалтын өрөөнүүдээр орлоо. Тус номын сан нь өрнө дахин, монгол ном, монгол судлалын ном мөн тогтмол хэвлэл, дорно дахин, төвд, архивын, ойрын хэмээн сан хөмрөгөө дотор нь ангилдаг аж. Эхлээд Өрнө дахины фондоор орлоо. Тавиур дүүрэн ном . “Миний тоосыг хэн арчиж, хэзээ намайг унших бол доо” гэсэн шиг нэг л бүүдгэр харагдлаа.  Зарим номоо шалан дээр өрчихөж. Фонд руу орох хаалга нэг. Өөрөөр хэлбэл, нэг тасалгааг хоёр давхартай болгоод номнуудаа хураачихсан юм билээ. Дээд талын хэсгийг битүүлээгүй, хэдэн банзаар шал хийсэн байлаа. Дээгүүр нь хүн явахад доод давхрынхны толгой дээрээс шороо пургин унаж байв. Энэ фонд 800 гаруй мянган номтой. Номын зориулалтын тавиургүй. Төмөр хавтангууд угсраад тавиур хийжээ. Тавиур бүрийн дэргэд нэг түмпэнтэй ус цэлэлзэнэ. Учрыг асуувал номыг 19-20 градусын тодорхой чийгшилтэй сэрүүн орчинд хадгалах ёстой аж. Тиймээс номонд хэрэгтэй чийгийг түмпэнтэй усаар нөхдөг санаатай. Бүтэн түмпэн ус 14 хоногийн дараа л ууршаад алга болчихдог гэнэ. Уг нь  агааржуулалтын системтэй ч тэр нь маш их чанга дуутай учир уншигчдад төвөгтэй гээд бараг л асаахгүй. Тиймээс уншигчгүй үед л ажиллуулах боломжтой. Гэхдээ хуурай нөхцөлд ном хадгалахад илүү сайн гэнэ. Эл жишгээр бол Монголын номнууд сайн хадгалагдаж үлджээ. Гадныхан ирээд ”Та нар ийм сонин нөхцөлд хадгалдаг хэрнээ номнууд чинь ямар сайхан байна вэ” гэж гайхдаг аж. Энэ нь өвөг дээдэс маань ном судраа өөрсдийнхөө нүүдэлчин соёл ахуйд тохирсон технологиор бүтээсний гавьяа. 100 жил болсон ч бичиг нь бүдгэрээгүй ном олон байлаа. Гэхдээ буруу хадгалвал хэдий сайн технологи ч устах нь бий.

Номын санчид энэ нөхцөлдөө тааруулаад, нэг үгээр монголчлоод хэрээрээ арга хэмжээ аваад л байдаг гэнэ. Биднийг очиход ном болгоныг формалиний уусмалаар ариутгаж байв. Ариутгагч ердөө хоёр бөгөөд өдөрт 600 номыг  ариутгаж амждаг аж. Энэ жил ариутгасан номонд хүн хүч хүрэлцээгүй болохоор  хоёр, гурван жилийн дараа л “гар хүрдэг” гэж байлаа. Солонгосын Үндэсний номын сангаас өнгөрсөн жил ариутгалын нэг машин өгчээ. Үүгээр гар бичмэл, үнэтэй ховор юмнуудаа ариутгаад бусдыг нь гараараа ариутгадаг аж. Номыг удаан хугацаагаар салхи үзүүлэхгүй байх нь бактер үүсгэх, хуудас шарлах, элдэв хортон шавьж үүрлэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Х.Чилаажав: Номын сангийн барилга барих газар шийдэгдсэн

Бид Үндэсний төв номын сангийн захирал Х.Чилаажавтай уулзлаа.

-Танайх хэчнээн ном хадгалах хүчин чадалтай вэ, Одоо хэдэн номтой болоод байна вэ?

-Манай номын сан 1951 онд баригдсан. Тэр үед 200-гаад мянган ном байсан. 500 мянган номтой номын сан барья гэж төлөвлөсөн байгаа юм. Харамсалтай нь одоо манайх дөрвөн сая номтой. Дөрвөн сая ном дотроо сая гаруй судар бий. Нэг судар хорин номтой дүүцэхүйц хэмжээтэй урт. Түүнийг бид нэг номоор л тоолж байна.

-Мэргэжлийн хяналтаас хоёр ч удаа дүгнэлт гаргасан гэсэн? 

-Барилгын хүчин чадал үнэхээр хэцүү болсон. 2006 онд МХЕГ-аас дүгнэлт гаргасан. “Номын ачааллыг бууруулахгүй бол цаашдаа номын сангийн зориулалтаар ашиглаж болохгүй болжээ. Доошоо суусан, зарим хэсгийн хана цуурсан байна” гэсэн юм. Ингээд 2007 оноос шинэ номын сангийн барилга барих асуудал яригдаж эхэлсэн. Одоо болтол эхэлдэггүй. Номын тоо жилээс жилд өсөөд байдаг. Жилд 100 мянган ном шинээр нэмэгдэж байна. Монгол Улсад гарч буй энэ олон сонин сэтгүүл, хэвлэлийн бүтээгдэхүүнээс дор хаяж нэг хувийг авч архивлах ёстой. Дээрээс нь гадаадаас ном солилцдог.  Ингээд зай талбай улам л багасаад байдаг. Сүүлдээ оффисийн өрөөнүүд, коридороо хүртэл аль болох шахаад танхим болгосон. Иймэрхүү л байдалтай амь зууж байна даа.

-Шинэ барилга барих тухай яриа яагаад дуулдахаа больчихоо вэ?


-Саяхан БСШУЯ-наас ирэх жилийн төсвөөс эхлээд Үндэсний төв номын сангаа барьж эхлэхээр шийдсэн. Тэгээд бид газрын асуудлыг баталгаажуулаад Америкийн Элчин сайдын яамны хажуу талд хашаа барилаа. 3000 гаруй ам метр газар авсан. Гэхдээ бид тэнд ядаж орчин үеийн номын сангийнхаа өргөтгөлийг барьж, фондууд, интернэт уншилгын танхим байгуулчихад хангалттай хэмжээний талбай гэж үзэж байгаа. Ирэх оноос барилгын ажил эхэлнэ гэж найдаж байна. УИХ-ын дарга өөрөө ирж үзээд Үндэсний номын санд онцгой анхаарал тавих цаг болсныг хэлсэн. 90 жилийн түүхтэй номын сангийн сан хөмрөг маш баялаг. Бичгийн мэргэд   Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай, номын сангийн анхны дарга байсан О.Жамъян нарын хүмүүс уул, хадаар явж, сүм хийдүүдээс нураасан эд зүйлс, хувь хүмүүст байсан үнэт ховор зүйлийг цуглуулсан. Энэ их өвийг хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлж өгөх, дэлхийд таниулах, судлуулах хэрэгтэй. Дэлхийд Монголыг өөрийн гэсэн бичиг соёлтой ард түмэн гэдгийг энэ өвүүдээр л хэмжинэ.

-Хойч үедээ бүрэн бүтнээр нь үлдээхийн тулд юу хийх хэрэгтэй ву?

-Хуулийн хоёр ч төсөл боловсруулаад явж байна. Дэлхийн улс оронд Үндэсний номын сангийн тухай хууль байдаг. Тийм учраас Үндэсний номын сангаа тусгай хуультай болгох ёстой. Тэгж байж энэ их өвийг хэн хадгалах, хамгаалах, яаж судлуулах, хүмүүсийн гар дээр байгаа ховор дурсгалыг ямар журмаар авах гээд бүх зүйл хуулиар зохицуулагддаг болно. Ингэж урсгалаараа явж болохгүй.

-Кувейтийн тусламжаар Үндэсний номын сан барихаар шав тавьж байсан. Тэгэхээр таны ярьж буй шинэ барилгын санхүүжилт гацах асуудал гарахгүй биз?

-Эхлээд уг нь шав тавьсан юм. Харамсалтай нь кувейтүүдтэй манай төр засгийн эрхмүүдэд парламентын ордныг эхэлж санхүүжүүлээч гэсэн санал тавьсан юм билээ.  Гэтэл парламентын ордон одоо хүртэл газраа шийдэж чадаагүй. Цаад тал эхлээд ордноо л яриад номын сангийн асуудлыг дараа нь гээд байгаа. Үүнийг хүлээвэл хэдэн жил ч болох юм мэдэхгүй.

-Номын сан барихад хэдэн төгрөг шаардлагатай вэ?

-Маш сайхан номын сан барихад 15-20 тэрбум төгрөг л орно. Жилийн орлого сайтай Монгол Улсад бага л мөнгө. Өвөрмонголчууд хэчнээн гоё номын сан барьсан байна вэ. Ордосын номын сангийн байшин гэхэд л “Алтан товч”, “Эрдэнийн товч”, “Нууц товчоо” гэсэн гурван ном босгоод тавьсан юм шиг дизайнтай. Гэтэл бид тусгаар тогтносон улс байж юугаа бодож байна вэ.

-Танай номын сангийн эргэн тойронд битүү барилга барьчихсан юм байна. Бүгд зөвшөөрөлтэй юм уу?

-Гурван талдаа өндөр барилгаар хавчигдаж байгаа. Стандартаараа бол болохгүй. Манай Монголд газар олголт замбараагүй байгаагийн  сонго­­­дог жишээ. Үндэснийхээ номын санг чөлөөлөөд хамгаалж болно доо. Яаж ч болдоггүй. Барилга барих зөвшөөрөлтэй л гэсэн.Соёлын байгууллага, музей үзвэрийн газраас тодорхой зайд барилга барихгүй гэсэн байдаг. Тэр стандарт хаачсаныг бүү мэд.


Нэг номын санч хамгийн багадаа 700 мянган ном хариуцдаг

Ардын хувьсгал ялсны дараахан буюу 1921 оны арваннэгдүгээр сарын 19-нд Судар бичгийн хүрээлэнг номын сангийн тасагтай байгуулснаар одоогийн Төв номын сангийн суурь тавигджээ. Тус номын сан нь ном түгээх, хадгалах үйлчилгээ үзүүлэх чиглэлээр БСШУЯ-ны мэдэлд ажилладаг агаад нийт таван хэлтэс, 76 ажилтантай юм. Тус номын сан хэдийгээр улсын төсвөөс санхүүждэг ч гэлээ төсөв мөнгөний хүрэлцээ муутайгаас шинэ номоор сан хөмрөгөө баяжуулах бололцоогүй байдаг аж. Уг нь тухайн жилд улсын хэмжээнд хэвлэгдэн гарч байгаа шинэ ном, товхимол тус бүрээс нь нэг ширхгийг авч фондод хадгалж байх ёстой ч хөрөнгийн боломжгүйгээс одоогоор шинээр гарч буй номын дөнгөж тал хувиас нь нэг ширхгийг авдаг байна. Харин номын зохиогчид сайн санааны үүднээс хандивлах нь нэлээд байдаг ажээ. Уншлагын хоёр танхимтай ч нийтдээ 240 хүний суудалтай учраас ачаалал ихтэй үед суудал хүрэлцдэггүй аж.

ҮНС-гийн аль ч фонд дээр өгүүлсэн дүр зурагтай яг адил. Зарим фондын хоёр давхарласан шалыг битүү болгосон нь ядаж л хүн явахад дээрээс тоос буухгүй, номнууд завсраар нь унахгүй болжээ. Дээд давхартаа харьцангуй хуурайшилт ихтэй байдаг аж. Заалны гэрлээ өдөр­жин асаахад хана нь халчихдаг гэнэ. Түүнээс гадна сан хөмрөгийн аль ч өрөөнд цахилгаан хэрэгсэл залгах боломжгүй. Тиймээс агааржуулагч тавьж болдоггүй юм байна. Тус номын сангийн Фондны хэлтсийн дарга Б.Амарсайхан ”Манай аль ч фонд зориулалтын биш. Ачаалал, багтаамж үнэхээр хэцүү байна. Номоо ямар таазнаас дүүжлэлтэй биш. Аргагүй эрхэнд газар тавьж байна” гэв. Тэд маш чухал гар бичмэл, дэлхийд байхгүй цорын ганц номнуудаа хүссэн болгонд нь өгөөд байвал хадгалалт хамгаалалт хэцүүдэх учраас  төвд номнуудаа цахим хэлбэрт оруулж байгаа гэнэ. Энэ ажлыг тавдугаар сарын 10-наас эхэлжээ. Түүнээс хойш 70 гаруй номыг электрон хэлбэрт оруулаад байгаа аж.

Бид хамгийн сүүлд нэгдүгээр давхарт байрлах сая гаруй ном хадгалж буй гэх Төвд номын фондоор орлоо. Энд 1970-1980-аад онд орон нутгаас цуглуулж байсан, хадгалахаас аргагүй ховор, чухал номнууд байдаг аж. Торго, даавуу, модоор баринтаг хийсэн ховор судрууд энд олноороо. Мөн л зориулалтын бус газарт хадгалагдаж байна. Нэг баринтаг дотор тав, зургаан ном байх тохиолдол ч байдаг аж. Бүх тавиурын дэргэд нөгөө л түмпэнтэй ус.

Энд байгаа сая номыг ганцхан эмэгтэй л хариуцаж, цэгцэлж байлаа. Ганцхан хүний хүч мөхөсдөхөөр. Тэрбээр сарын 280 мянган төгрөгийн цалин авдаг юм байна. Орон тоо цөөтэйгөөс хамгийн багадаа нэг хүн 700 мянган ном хариуцдаг юм байна. Тиймээс одоо байгаа орон тоог 40-50 хувиар нэмэх шаардлагатайг удирдлага нь дуулгалаа. “Манай номын сангийн барилгыг өндөрлөх гэхээр суурь нь даахгүй. Дээврээс нь ус гоождог байсныг яам хөрөнгө оруулалтаараа засаад өгсөн. Хамгийн аюултай нь бид ачаагаа даахгүй байна. Боломж байвал номнуудаа өөр газар зөөгөөд энэ байшингаа засчихмаар байдаг. Энэ байшинг уншлагын танхим, үйлчилгээний зориулалтаар ашиглахад 30-40 жил амьдарна.. Ном маш их хүнд. Ном, судар маань хоёр жигүүр дээр дарчихаад байгаа болохоор байшин голоороо бараг салчих гээд байгаа. Энэ ачааг л хөнгөлөх ёстой. Гэхдээ хөнгөлж байна гээд номоо гаргаад хаячихалтай биш” хэмээн номын сангийхан ярьж байлаа. Монголын ард түмний оюуны их өв санг хадгалж хамгаалж буй цорын ганц газар баян айлын шоовдор бэр шиг л амьдарч байна. Гэтэл үүнд анхаарал хандуулах эрхэм дээдэс гэж алга. Тэдэнд номын сангаас парламентын ордон чухал бололтой.


Б.Аззаяа

"Өдрийн шуудан" сонин 

コメント

  1. Тиймшүү. Ер нь монголд ШУТИС төв номын сан л норм дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын болон хотын төв номын сангууд үнэндээ хуучирж зориулалт үйл ажиллагаа нь өөр чиглэлрүү хандаж боловсрол мэдлэг олгох газар гэхээсээ илүүтэй бизнес болоод байгааг нуухгүй. цаг үеээ дагаа орон зайн болон техник технологийн дэвшилтийг хийж байж, нэвтэрүүлж байж оюутан залуучууд болон эрдэмтэд судлаач илүү очих дуртай газар болно.Би үнэндээ гайхсан Нацагдоржийн номын сан одоо хүртэл логогүй, таних тэмдэггүй юм байна лээ. Бас ихэнх талбайгаа түрээслүүлдэг.Ашиггүй талбай маш их гаргасан байсан. миний хувьд дээд удрирдлагаас нь эхлээд арчиж цэвэрлэж байж шинэ үе эхлэн гэж бодсон.

    返信削除
  2. Номын сан бизнесийн талбар болчихоор тайван сууж хичээл,судалгаагаа хийх газаргүй болчихож байгаам байна...гэж ойлгогдлоо.Ямартай ч дээрхи бичлэгийг уншихад үнэхээр нүдэндээ итгэмгүй зүйлс их байна.Манай орон газрын баялагаасаа ард түмэндээ хувь хүртээх хэмжээнд улсын орлого нэмэгдсэн ,мөн Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт хөгжөөд,байшин барилга танигдахын аргагүй их нэмэгдсэн гэж их сонссон.Гэтэл өнөөх улсын төв номын сангаа тойруулаад барьчихаад,хамгийн чухал объектынхоо нэгийг орхигдуулчихсан байгааг сонсоход харамсалтай байна.Дараа тэмдэглэлдээ Японы ном,номын сангийн тухай бодлоо бичих санаа байна.

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...