Бүхэл бүтэн тусгаар тогтносон улс орны хамгийн нэр хүндтэй том номын сан маань ийм хүнд байдалтай байгаа нь ид хөгжиж буй үед итгэмээргүй юм !?гэж өчигдөрхөн тавигдсан сонингийн нийтлэлийг уншаад халаглаж байсансан.
|
Гэтэл тус номын сангийн цахим хуудсанд аль 2004онд ,,Өнөөдөр,, сонинд нийтлэгдсэн асуудал уг утга агуулгаараа 2011оны мэдээлэлтэй бараг хол зөрөөгүй байгаад гайхах,харамсах сэтгэл төрснөө нуух юун.Мөн адилаар,өөрийнхөө тэмдэглэлд бүрэн эхээр нь хуулж тавьлаа.
Та бүхэн харьцуулан уншаад үзээрэй.
Эх сурвалжийг→
|
Үндэсний номын хөмрөгт аюул нүүрлэлээ
|
Үндэсний номын хөмрөгт аюул нүүрлэлээ
Номын санч бүсгүй түмпэнтэй усаа сэлбэж зогсоно. Алхам бүрт тааралдах савнуудыг тэр байн байн шалгадаг. Заримынх нь ус ууршаад төд удалгүй суларчихдаг болохоор ус зөөх ажил мундахгүй. Анх ажилд орохдоо л тавиурта йномнуудтай хамт устай сваноуудыг хүлээж авсан болохоор тэд энэ ажилдаа түүртдэггүй. Ингэх л ёстой мэд бодно. Энд Монголын үндэсний номын хөмрөг хадгалагдаж буй. Шинжлэх ухаан, соёл, боловсролын үнэт бүтээлүүд хэвлэмэр эхээрээ өрөөстэй байна. Он цагийн салхинд онгож гандахаас хамгаалахын тулд мөнөөх савтай усаараа аргацааж, олон жилийг үджээ. Энэ савнууд 1970-аад оноос Улсын төв номын санд "заларч" байв. Гэвч ном, судрын шаргал хуудсуудыг алгуурхан мэрэх цаг хугацаа, халуун, хүйтэн агаарын урсгалыг усны уур төдийхөн зогсоож чадсангүй. Гурав, дөрвөн зууны тэртээх судар, бичгүүдийг өнөөдөр уншигчдад өгөх нь бүү хэл, номын санчид өөрсдөө ч гараар барьж эс зүрхэлдэг гэх. Ганцхан хувь эртний судрууд нь хатаж гандаад гар хүрвэл үйрэхээр болж. "Дэлхийд өөр хаана ч байхгүй ном, судрууд манайд олон бий. Эртний судар бичиг, соёлын дурсгалуудаараа манай номын сан Азидаа тэргүүлэхээр баялаг сантай. Даанч хадгалалт, хамгаалалтын горим нь алдагдсан" гэх номын сангийн захирлын яриа, "Улсын төв номын сангаас хэрэгтэй номоо авч уншиж чадахгүй юм. Ганжуур, Данжуурын ганц ботийг ч тэд хялгайлгасангүй" хэмээн гомдоллох үйлчлүүлэгч. Нэгэн учгийн хоёр үзүүр эцэстээ хаана хүрэх бол. Цаг, мөнгөний эрлэг Улсын төв номын санг уншигчид ийн нэрлэдэг. Тэгвэл хэдүүлээ тэр эрлэгийнд зочлоод үзэх үү. Төв номын сан өнгөрсөн 9-р сарын 15-ны Засгийн газрын тогтоолоор нэрээ сольж, Монгол улсын Үндэсний номын сан болсныг танд дуулгая. Үндэсний номын сангийн үүдээр оронгуут эхлээд гадуур хувцсаа өлгүүлж, шалгах хуудас авах ёстой. Энд ганцхан өлгүүрчин ажилладаг болохоор жаахан хүлээх хэрэгтэй. Шалгах хуудасныхаа үнийг төлсөн үү. Хорин төгрөг шүү. Дараа нь катологийн хэсэг рүү очно. Тэнд соронзон картаа уншуулж, авах номоо захиал. Өөдөөс тань урт цуваа угтах вий, битгий гайхаарай. Энд гуравхан компьютертэй. Хурд муутай техник саатчихгүй л бол хэзээ нэгэн цагт таны ном захиалах ээлж ирж таарна. Хэдэнцаг хүлээхийг хэлж чадахгүй нь. Уншигч цөөхөнтэй даваа, мягмар гаригт та лав 15-20 минут зогсоно. Тайван байгаарай. Ном заөхиалах ээлж ирэв үү. Ардтань урт дараалал үлдсэнийг, хүлээхийн зовлонг мэдэрсэн та бас яаравчилна. Дөрвөөс илүү ном авч болохгүй. Гадаад хэл дээрх ном, хэвлэл унших бол эхлээд мөнгө өтөл. Үүнийхээ дараа гурван давхар өөд шатаар өгсөнө. Уншлагын танхимдзахиалсан ном тань ширээн дээр хүлээж байгаа гэж горьдуузай. Тэвчээртэй суугаад хүлээ, таны ээлж болоогүй. Хагас цаг хүлээх энүүхэнд болохоор зүүрмэглээд авахдаа ч гэмгүй. Хашир туршлагатай уншигчид номоо хүлээх зуураа тэмдэглэл хөтөлж, хоол, хүнс эргүүлсэн шигээ суудаг юм. Зарим нь гадуур тэнэж, ажил төрлөө амжуулаад орж ирэхэд захиалсан ном ирээгүй л байдаг. Хэрвээ хойгуурхан суусан бол харилцах цонх руу үе үе очих хэрэг гарна. Сүүлийн үед манай номын санчид хашгирч сурч байгаа. Тэд жижигхэн нүхээр толгойгоо цухуйлгаад уншигчдыг нэг бүрчлэн нэрсээр нь дууддаг юм. Чанга яригч нь эвдрээд удаж байгаа болохоор хөөрхий номын санчид яг л ойд төөрсөн хүмүүс шиг хоолой мэдэн орилно, битгий цочоорой. Хэн нэгний захиалсан ном ирж байга ань тэр. Таных болоогүй ээ. Гурван зуугаад хүнд хоёрхон номын санч үйлчилж байгааг бодолцоорой. Энд хүлээ, бас дахин хүлээ гэдэг хууль үйлчилдэг юм. Номоо авахдаа хуудас бүрийг нь тоолоход ер алдахгүй. Харин номын санчийн дэргэд номоо шалгалгүй тоомжиргүйхэн авчихвал дараа нь өрөнд орно шүү. Урагдсан номоо төлүүлнэ гээд зүтгэчихдэг хүмүүс, номын сангийнхан. Тэдэнтэй ам зөрөөд та амжилт олохгүй. Иргэний үнэмлэх, уншигчийн карт, бас бус бичиг баримтаа барьцаанд үлдээх болно. За, за одоо номоо унш. Чухал хэрэгцээтэй тоо баримтыг нь хувилаад авчихмаар байна уу. Эндхийн канон өрсөлдөгчгүй болохоороо үнэ тариф өндөртэйг бодолцоорой. Халаас нимгэн оюутнууддаа бол их мөнгө. "Уншигчийн үнэмлэхийг дөрвөн мянган төгрөгөөр худалдаж авдаг. Таван жилийн хугацаатай гэсэн мөртлөө жил бүр дахин мянган төгрөг төлж сунгуулдаг. Орон бүрт, ном захиалах бүрт мөнгө авдаг хэрнээ яагаад сандал, ширээгээ ч сольчихдоггүй юм бол" гэсэн ижилхэн үгсийг уншигч бүр амандаа давтах вий. "Хэрэглэгчдийнхээ түвшинд хүрэх юмсан" "...Гадаадын улс орнуудын номын сангийн хэмжээнд биш гэхэд хэрэглэгчдийнхээ түвшинд хүрэх юмсан" хэмээн Үндэснийномын сангийн дэд захирал Б.Энхжаргал санаашрав. Үнэндээ тэр ч бас хуучирч муудсан ширээ, сандлаасаа ичдэгээ нуусангүй. -Манай уншлагын их танхим шиг сандал, ширээтэй газар өөр хаана ч байхгүй. -Таван жилийн хугацаатай уншигчийн үнэмлэхийг жил бүр сунгуулах шаардлага байгаа юмуу? Бас ном захиалга, үйлчилгээний үнэ тарифыг багасгаж болохгүй юу? -Соронзон үнэмлэхийг бид өөрсдөө хийдэггүй. Тоног төхөөрөмж нь ч их үнэтэй юм билээ. Нэг компанитай гэрээтэй хамтарч ажиллаж байгаа. Үнэмлэхийн үнэ болох 4000 төгрөгөөс манайд байгууллагад 1500 нь орж ирдэг байх. Шалгах хуудасны хорин төгрөгийг авахаас аргагүй. Тэр хуудсуудыг хэвлүүлсний зардал гэсэн үг. Хамгийн уян хатан үнэ гэж бодож байгаа. -Танайх ширээ, сандлаа сольж дийлэхээргүй төсөвтэй юмуу? -Үнэхээр дийлэхгүй байна. Улсын төсвөөс манайх жилд 360 орчим сая төгрөг авдаг. Түүгээр ажилчдынхаа цалин, цахилгаан, дулааныхаа хөлсийг төлөөд таардаг. Заримдаа хүрэхтэй үгүйтэй. Гадаадын төслийн шугамаар сандал, ширээгээ шинэчилье гэж бодсон ч болохгүй юм. -Яагаад? -Томчууд тийм жижиг зүйлийг тоодоггүй бололтой. -Улсын номын сан хүнд сурталтай, үйлчилгээ муутай газар гэж үйлчлүүлэгчид тань гомдоллосон? -Үйлчилгээний байгууллага учраас янз бүрийн ааш, араншинтай хүмүүстэй бид харилцдаг. Инээмсэглэлээр уншигчдаа угтахыг номын санчдадаа зөвлөдөг. Шуурхай үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд дотоод сүлжээтэй болсон. Бүх уншигчдыг соронзон карттай болгож, тусгай кодоор хари лцаж байгаа. Өнөөдөр манай номын сан хэрэглэгчдийнхээ түвшинд хүрч чадахгүй байгаа нь үнэн. -Монголын номын санчид номоо уншигчдаасаа харамладаг. Учир юунд байна вэ? -Ганц хувь байгаа номондоо бид харам. Соёлын үнэт өв, ховор номын хадгалалт, хамгаалалтын асуудлыг өнөөдөр манайд шийдвэрлээгүй. 17-19-р зууны үеийн судруудыг гараар барихад үйрэхээр болсон учраас уншилтад гаргадаггүй. Түүнийг CD-нд буулган электрон хэлбэрт оруулаад уншигчдад хүргэж болно. Даанч мэргэжилтэн нь, тоног төхөөрөмж ч алга. -Захиалсан номыг дор хаяж хагас цаг хүлээдэг гэх. хугацааг нь наашлуулах арга бий юу? -Техникийн саатал гарвал бихд хариуцахгүй. Компьютер нь гацаж, эвдэрснээс ном хүлээгдэх тохиолдол гардаг. Зургаан давхар номын сан Үндэсний номын сангийн байр гурван давхар. Гэхдээ баруун, зүүн жигүүрүүд нь зургаан давхар болчихож. 1954 онд ашиглалтад орсон номын сан маань дөрвөн сая номтой болтлоо баяжжээ. Ном судар нь жилээс жилд нэмэгдсээр байна. Гэтэл байшин нь сунадаггүй. Номын фондынхоо өрөөнүүдийг хоёр давхар болгох мэргэн санаа олжээ. Тавиуруудын дээгүүр банз, гуалингаар битүүлэн хадаж, шат гаргажээ. Ингээд л монголчууд зургаан давхар номын сантай болох нь тэр. Гэсэн ч ном багтаах сул зай үгүйлэгдсэн хэвээр. Нуухыгнь авах гээднүдээ сохлов гэгчээр давхарласан номууд нь агаар, чийг шаардаж, цагаасаа эрт муудах шинжтэй. Номын сангийн байр 40-60 хувийн чийгшилтэй, 10-17 хэм дулаан байх ёстой. Харин энд хэдэн хэм байгааг хэн ч мэдэхгүй. Ядаж айл гэрт хэрэглэдэг энгийн хэмжүүр ч алга. Хий дэмий л түмпэнтэй усаа сэлбэнэ. Уг нь боломжийн үнэтэй ууршуулагч хэдхэнийг тавьчихвал устай сав байлгах шаардлагагүй гэнэ. Нэрэндээ гологдсон байгууллага Номын өргөөний нэрнээс бусад өөрчлөгдсөнгүй. Урт дараалал, хүлээлт, олон шат дамжлага урьдын адил үргэлжилсээр. Байшиндаа багтахаа байсан соёлын үнэт өв дундаас та хүссэн номоо тэр бүр олохгүй. Учир нь эндхийнхэн жил бүр 40 орчим сая төгрөгөөр фондоо сэлбэдэг ч шинэ ном болгоныг худалдаж авч хүчирдэггүй гэсэн. Дөрвөн сая номноос 200-гаад мянга нь л монгол хэлээр бичсэн бүтээл. Нэг бүтээлээс 50-60 ширхгийг худалдаад авчихаж чаддаггүй болохоор оройтож ирсэн уншигчдад ном хүрэлцэхгүй. Үндэсний номын сангийнхан нүүрээ улайлган байж "уншилтад гарсан" гэж хэлэх тохиолдол элбэг. Манай Үндэсний номын сан мэдээллийн технологийн зуунд арван хуруунд багтахтай, үгүйтэй цөөн, ажиллахаасаа ажиллахгүй нь олон компьютертэй орж байгаа цагт электрон номын санг мөрөөдөөд ч нэмэргүй биз. Хамгийн сүүлд 2000 онд зургаан компьютер авчирсан гэнэ. Бээжин, Токиогийн биш, хамгийн ойрхноос нь санаа авъя. Ном, сурах бичгүүдээ танхим дүүрэн өрсөн Хүүхдийн номын ордонгийн тавлаг байдал уншигчдаа татдагийг саная. Үндэсний номын сан ядаж шинэ номуудаа үйлчлүүлэгчдийнхээ нүдэнд ил дэлгэж болдоггүй юм болов уу. Мэргэжлийн номын санчдын эрэлд... Үндэсний номын сангийн удирдлагууд мэргэжлийн боловсон хүчин дутагдаж буйг нуугаагүй. Номын сан доод тал нь 120-150 хүнтэй байх ёстой. Гэтэл энд ажиллах мэргэжлийн номын санч олдохоо байжээ. Төсөвтээ баригдаад орон тоогоо нэмж чадахгүй өнөөдрийг хүрсэн гэв. Номын санчдын цалин 47 мянган төгрөг. Хоёр жил ажиллаад энэ тоо тав орчим мянгаар нэмэгддэг гэнэ. Мэдлэг, туршлагатай номын санчдаа их, дээд сургуулиудад хэдийнэ алджээ. Эртний үнэт судруудыг судалсан, нэвтэрхий мэдэх хүн ч алга. Суудалгүй уншигчид Уншигчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ нь хувийн их, дээд сургуулиуд олширсонтой холбоотой гэж номын сангийнхан тайлбарлав. Тэд өдөрт 300-500 хүнд үйлчилдэг. Уншлагын их танхимдаа сандал нэмж, 280 суудалтай болгожээ. Уг нь тэнд 150 орчим уншигч суух ёстой. Энэ танхимаас гадна эрдэм шинжилгээний, тогтмол хэвлэлийн гэсэн хоёр хэсэг бий. Суудалгүй уншигч хүлээхээс өөр аргагүй. Ном хүлээдгийн учир Захиалсан номоо удаан хүлээх шаардлагатай юу. Тэвхийтэл өрсөн ном, сонин дааж ядан шатаар өгсөх бүсгүйчүүдийг хараад та хүлээхээс өөр аргагүйг мэдэх болно. Эндхийн ном зөөдөг цахилгаан шат арав гаруй жилийн өмнө зогсчээ. Аюулгүй ажиллагааны нөхцлийг хангахаа больсон эдийг шинэчилж дийлэхгүй байгаа гэнэ. Номын сангийнхны мөрөөдөлд туузан гэрэл багтана. Тэд чанга яригчаа засварт өгчихсөн байгаа л даа. Гэхдээ номын сан дуу чимээ багатай орчин байх учиртай гэж үзэж буй бол тэнд гэрэлт самбар байрлуулах цаг иржээ Үндэсний гэх том нэрэндээ гологдсонномын санг өөд нь татъя, П.Цагаан сайд аа. Боловсролдоо анхаарч байгаа ч номгүйгээр яаж боловсрох билээ.
2004.10.28, Өнөөдөр
|
コメント
コメントを投稿