スキップしてメイン コンテンツに移動

Хайрт Япон эмээ минь...



15ны өдөр....
Өнөөдөр би нэг хүнийг сүүлийн замд нь үднэ.
Зүүд бол одоохон сэрмээр...,итгэж чадамгүй,энэ бодит үнэнийг худлаа байгаасай гэж,эцсийн хором хүртэл хүлээмээр.

11-ний өглөө...

Миний хамгийн хайртай Япон К.....эмээ тэнгэрт халилаа.
Нас сүүдэр Япончуудынхаар бол ануухан,82той буурал минь.

Японд амьдарсан энэ 9жилийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Хүний нутагт ганцаар ирээд,дасаж ядан түүртэж явахдаа учирсан ачтан буурал минь гэв гэнэт биднийгээ орхиод явчихлаа.

..түүний 3хоногийн өмнө улаан-загалмайн эмнэлэгт шинжилгээ өгөхөөр хэвтээд,гарахын яг өмнөхөн хувцаслачихаад,толинд үсээ янзлаад ирье гээд ариун цэврийн өрөөнд орж,тэндээ унаад,тэр чигтээ өндийсөнгүй...гэж дунд хүү нь хамраа шархируулан байж хэлсэн билээ.

Яг л өөрийн ач,зээ шиг надад болон хүүхдүүдэд минь эх хүний,эмээ хүний элбэрэлт сайхан сэтгэлээр ханддаг байж дээ .
Хуучин амьдарч байсан байшингийн яг хажуу хөрш маань байсан болохоор,бараг өдөр бүрийг эмээгийн инээмсэглэлээр угтаж,үддэг байсан гэхэд хэлсдэхгүй.
Ажилдаа явахад эмээ гар даллан үлдэнэ.
Ажлаас ирэхэд,нохойг минь салхилуулчихсан,эмээ нохой хоёр намайг хөл хөөрцөг болон угтана.

Оройн хоолноосоо дээж амсуулах гээд бариад ороод ирнэ.
Гэрийн үүд,цонхны өмнүүр зөндөө цэцэг тарьчихна.Намайг баярлуулж байгаа нь тэр...

Цагаан будаа тал үнээр илүүчлэнэ.Нэг удаадаа 10кг цагаан будаа эмээгээс 2000Япон эн-ээр авна.(Жирийн сайн будаа 4-5мянган эн байдаг)
Тэр бүрт эмээ маань заавал 1-2кг илүү нэмж хийгээд,охиндоо идүүлээрэй гэнэ.

Төрсөн өдрөөр минь жоохон ч гэсэн мөнгө бэлэглэнэ.
Хүүгээ төрүүлэхэд,хүмүүс бүгд шинэ хүнд гэж бэлэг сэлт болж байхад, ганц эмээ л надад,өөртөө л зараарай гээд чимээгүйхэн10000эн атгуулж байж билээ.
Би түүг нь түрийтэй арьсан гутал авахадаа нэмэрлэсэн.

..xамтдаа уулруу өгсөж,салхинд хамт алхана,
Hамайг гадаа угаасан хувцас тохож байх хооронд,эсвэл түр ойрхон гараад ирэх болвол охиныг минь бөөцийлж өгнө.
Хувцас тохдог газрын эргэн тойрон өвс,шарилж ургачихвал,<<могойд хатгуулж,шумуулд бариулчихна>>гээд бүгдийг сайхан хадаад өгнө.
Манай байшингийн арын үүдний хоёр талын сул зайнд төмс,лууван,нарийн сонгино,бас бус ногоо тариад өгнө.

Би хааяа эмээг эмнэлэгт,эсвэл үсчинд хүргэж өгнө.

Эмээ буурал үсэндээ долгиотсон хими хийлгэх дуртай.Гоё ч зохидог байж.
Хуучны хүн болохоор хүний өмнө өтөлсөн гээд муухай харагдахгүй,цэвэр цэмцгэр сууна.
Гадуур гарч орохдоо уруулаа будна,бусдаар бол ер айхтар будмал биш.
Зочин тасрахгүй тул,байнга идээ ундтай,гарсан орсонд хийсэн хоол,тарьсан ногооноосоо илүүчлэнэ.Хүний сэтгэл л энд яваад байгаам л даа.(Ер Японы хөдөөний хөгшчүүд хаа ч ялгаагүй ийм сайхан сэтгэлтэй байдаг байх? Tэр талаараа манай хөдөөнийхнөөс ер ялгарахгүй санагддаг шүү.)


Эмээ бид хоёр их ч олон зүйлийг ярилцсан даа.
Нуугаагүй зүйл,яриагүй дурсамж гэж бараг үгүй гэлтэй.
Нэг удаа үсчингээс тосож аваад явж байх замд,машины хөгжим сонсогчоор Мисора Хибари гэдэг алдартай дуучны Канаший сакэ(Гунигийн архи)гэдэг дуу явтал,эмээ ... архинд дуртай байсан нөхөр маань энэ дуунд их дуртай байж билээ гээд,ахин дахин аялан,нулимс унагаж байж билээ.

Мисора Хибари-Гунигийн архи(悲しい酒)


Түрүүлээд одсон ханиа үгүйлэн санах хүний чин сэтгэлээсээ бөмбөрүүлэх харууслын нулимс гэдгийг тэр үед анх харсан мэт санагдана.
 Хөгшин нь аль 10хэдэн жилийн өмнө хорт хавдараар бурхан болсон гэдэг .
Хүүхдүүд нь байдаг ч,Тоoкёо,Гүнма,Үцүномияа гээд тараад явчихсан.Нэг хүү нь хамт амьдардаг авч ажил,ажил гэсэн хүн,үүрээр гараад,бүрэнхийгээр харьж ирдэг тул,4жил хаяанд нь амьдарсан гэхэд,тоотойхон л барааг нь харсан даа.

Хачирхалтай нь нэг ч ач,зээгүй тул,эмээг аль диван гарвын 54,55жилийн өмнө отгон хүүгээ төрүүлснээс хойш,энэ газар нялх хүүхдийн дуун хадаагүй гээд,манай хоёрыг төрөхөд магнай тэнийлгэн баярлаж байж билээ.
Тэгээд ч тэрүү,ялангуяа охинд минь бүр амь байдагсан.

Хамтдаа авахуулсан зургуудыг нандигнан,байнга эргүүлж тойруулж,ирсэн зочин гийчинд аанай л үзүүлж сууx...

Харин бид 4жилийн өмнө нүүхээр болоход их л гунигтай хоцорч билээ.
Гэлээ ч бүр уулзалдахгүй  биш,хот дотроо тул цагаан будаа авахаар,хүүхдүүдтэйгээ уулзуулахаар,сардаа нэг очино.
<<Эмээ одоо яваад очлоо шүү,та гэртээ байж байхуу?гээд гарахаасаа өмнө би залгана.
Эмээ тэр даруй хоол халаагаад,цайны ус буцалгаад,алим арилгаад тавьчихсан сууж байдагсан.
Тэгээд л,яваад орвуу үгүй юу,<<...эмээ нь сайн,эмч үзээд даралт хэвийн,бүх бие сайн байна гэсэн,санаа зоволтгүй шүү>>гээд л уулзалдаагүй бүтэн сарын сонингооо ярьж гарна ,хэхэ.Их ч бие сайтай хүн байсан даа.

Одоо бараг 10кг будаа нь дуусах дөхөж байгаа гэдгийг эмээ сайн багцаална.
Хөргөгчнөөс гаргаад бэлдээд тавьчихсан байна.
Бас болоогүй тарьсан ногоо,хүний өгсөн зөөлөн боов,чихэр юу л байгаагаа уутанд хийгээд бэлдээд тавьчихсан байх....
Заримдаа гурилтай,махтай хоол хийхээр будаа тэр бүр амархан дуусахгүй шүү дээ.
Жоохон удаж байгаад очвол,эмээ юунд удав,бие нь зүгээр үү?гэж санаа зовнин асууна.


Хуучны хүн гэсэндээ гарын ур сайтай,юм оёно,нэхнэ.

Надад тэр жил,гараа гарган цагаан судал,улаан цэцэгтэй хөх цэнхэр өнгийн Юүката гэдэг зуны кимоно хийж өгсийм.
Зуны баяраар өмсөж,эмээд зургийг нь үзүүлнэ гэж бодсоор амжилгүй,эмээгээ явуулчихлаа даа.

Эмээ миний авч очсон ямар ч гарын бэлгийг жижиг,том гэж ялгалгүй баярлан хөөрнө.
Нэг удаа ахмадуудын баяраар эмээгийн дуртай өнгө болох хөх ягаан өнгийн хүзүүний алчуур,нохойны зурагтай даавуун тор бэлэглэтэл,гарч орох болгондоо тэр алчуурыг зүүж,
тэр торыг барьж явдаг болж билээ.

Ингээд л бодоод,дурсаад байхаар би нэг л чухал эрдэнээ алдчихсан мэт сэтгэл ямар их хөндүүртэй,хоолой бачууран зангирч байгааг минь ойлгодог ч болоосой.
Хүний нутгийн,мах цусны ямар ч холбоогүй эмээд ингэтлээ дасаж,ингэтлээ уйлна чинээ санасан бол,улам илүү ачлах минь яавдаа.


Ямар хүүхэд шиг хайр татсан сайхан  буурал байсан юм бэ?
Бодох тусам харамсан,гашуудаад барахгүй юм.
Яриад,бичээд байвал цааш зөндөө түүх байна.

Гэвч үлдсэнийг нь сэтгэлдээ хадгалъя даа.

К....эмээ,тандаа маш их баярллаа.

Бурханы орноос биднийгээ үргэлж ивээж байх болтугай,надад,бидэнд санаа зоволтгүй тайван нойрсдоо,хайрт Япон эмээ минь.

Ум мани бад ми хум.




コメント

  1. Үнэхээр харамсалтай зүйл болжээ. Дайрий минь сэтгэлээ барьдаа. Үнэхээр сайхан сэтгэлтэй сайхан хүн байжээ.

    返信削除
  2. Энхжаргалаа,баярллаа.нэг л итгэж чадахгүй,бодогдоод байх юм,Өчигдөр би ажил явдалд нь оролцоод ирсэн л дээ.Эмээдээ хязгааргүй их баярллаа,хүүхдүүдээ сайн хүн болгож өсгөнөө,биднийгээ ивээж байгаарай гэж залбирч,захиад ирсэн.Миний хувьд насандаа марташгүй ачтан минь болсон гэдгийг л мэдрээд сууж байна даа.Чиний хэлдгээр амьдрал үнэхээр хайраар дүүрэн байдгийм билээ.

    返信削除
  3. Ямар харамсалтай юм бэ? Ум ма ни бад ми хум. Би бас ийм сайхан найз эмээтэй болох юмсан.

    返信削除
  4. Нараа,харин тийм,их сайхан буурал байсан даа.Одоо ч гэсэн байхгүй болчихсоныг нь итгэж чаддаггүй юм.Гэрт нь очихоор л инээгээд гараад ирэх юм шиг санагдаад...,Гэвч тэр өдрөөс хойш нэг ч утас цохиж,<гэж ярихгүй болохоор бодит амьдралтай эвлэрч эхэлж байна даа.

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог

Хүүхдэд холбогдох зан үйл ,ёс заншил ,түүнд сургахуй.

Р.Батаахүү гуайн< Монголчуудын сурган хүмүүжүүлэх гэрийн сургуулийн уламжлал 1991)номноос авав. Монголчууд эртнээс нааш хүүхдийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн билээ.Залуу эр,эм айл болуут үрийн зулай үнэрлэхийн хүслэн болж ,өвгөд хөгшид нь ам барих ачаа харах өдрийг тэсч ядан хүлээдэг билээ.Иймээс ч Үртэй хүн жаргадаг Үндэстэй мод найгадаг Эрдэмд оройгүй Үрд ганцгүй Ухтэл үр Үгүйртэл мал Үргүй хүн нуд нойтон Үртэй хүн өвөр нойтон гэхчлэн цэцлэн хэлэлцэж ирсэн байна, Ерөөс хүн гээч болж төрсний нэгэн их үйл бол өөрийгөө залгамжлан хийж бүтээх үр удмаа үлдээх явдал тул хүүхдийг өхөөрдөн хайрладаггүй хүн гэж үгүй юм.Тиймээс ч гэж ярилцдаг. Хүүхэд тээж буй эмэгтэйг жирэмсэн гэж нэрлэн ихэд хүндэлдгийн жир-гэсэн нь хоёр гэсэн үг бөгөөд угтаа хоёр хүн гэсэн утга тул тэр болой.Иймээс хүүхдийг мэндлэхээс эхлээд тэдэнд зориулсан ёслол,зан үйлийн арга хэмжээ авч ирсэн байна.Уламжлалаас үзвэл энэ нь хүүхэд угаах,насны ой тэмдэглэх,үс авах зан үйл түүнд холбогдох ёслол юм.