スキップしてメイン コンテンツに移動

Мартагдашгүй агшин минь.


Хэрэв,цаг хором хугацааг зогсоож,ухрааж болдог бол та
бид яг хэзээг,чухам юуг тогтоон барих байсан бол?

Ямархан агшинг л дахин нэг удаа мэдрэхийг хүсэмжлэх бол?

Мартаж чадамгүй нандин дурсамжууд.
Баяртай,жаргалтай,гунигтай,нулимстай үеүүд...

Аав ээж,ахан дүүс,анд найзууд,амраг хань,ачит багш нар,азай буурлууд,ангаахай үрс,ер аль ч бай,яруу уяхан сэтгэлд тань аз жаргалын эгшиг цуурайтуулсаар,тэр л гэгээн өдрийн дурсамжууд
энхрий цээжийг тань  энэхэн мөчид түрэн огшиулж буй гэдэгт би эргэлзэхгүй
 байна.

Магад,тэдний хэн нэгэн нь
 бидний туулж хүрэхгүй алсад
халин одсон байхыг ч  би яахин мэднэ.

Тэгэхээр дэргэд байгаагаасаа илүү,байхгүйгээ үгүйлж,сүүлд учирсан түүнийхээ гэгээн дүр,дотно инээмсэглэл,аминчилж хэлсэн үгийг нь ахин дахин санах гэж,  зүүдэн дунд мэт бүдэг бадаг болоод өнгөрсөн дурсамжаа өнөөх цаг хугацааг урвуулан,хөрвүүлэгч ямар нэг увдисаараа цэглэж,видео кассет шиг ухрааж байгаад,ахин нэг удаа тод томруунаар сайн харж авахсан
 билээ.

Чиний хувьд яг юу вэ гэжүү?

Мммммммммммммммммм.............................................хм.

Их олон бий.
За гурвыг л нэрлье.

Аавыгаа гуйгаад байхад нь хамтдаа Өргөөгийн зурагчинд очиж зургаа даруулаагүй юмсан.
2жилийн дараа зуурдаар одоход нь ямар их харамссанаа нуугаад яахав.


Болдогсон бол тэр мөчийг л залруулаад,хамтдаа зургаа даруулчихмаар......гээд л  бодогдоно шүүдээ.

Мөн хайрт ах эгч нартайгаа хагас,бүтэн сайнд  төрсөн гэртээ заавал уулзалдаж,ээжийнхээ гарын чихэртэй,сүүтэй будаатай цайг уунгаа,инээлдэн,хөөрч баясдаг байсан жаргалтай бага насандаа эргэж очмоор байна.

Сүүлчийнх нь гэвэл...,
дунд сургуультай холбоотой гэж байгаа,хэхэ.

Тэмдэглэлийн сүүлд нь бичнээ.

Харин өнөөдөр найз Саулегийн хүсэлтээр Агшин киноны дуунд зориулан дөрвөн мөрт холбож үзлээ.Уг шүлгийг бичсэний уг учир нь,Сауле найз маань фэйсбүүк хуудсандаа Агшин киноны дууг тавиад,
артны талханд оочирлон зогсож байсан хүүхдүүдэд зориулав :) гэж байгаад л зах зээлийн үеийн үе буюу бидний эрээн бараан амьдралыг биеэрээ туулсан туршлага,талханд яаж алалцдаг,хэдийг сугавчилж гарч ирдэг байснаа найзуудтайгаа дурсаж, ярьж өглөө.


Би ч эхний хэсгийг нь уншсангүй,гэхдээ л ийм гоё хайрын дуунд талх,гамбир ярьж боломгүй мэт санагдаад,


.~Ийм гоё дууг,картны бараа,талх,гамбиртай хольж ярихгүй шүү,найзаа.кк
Хамаг гоё дурсамжыг минь баллах гэжийшдэ,энэ бүсгүй одоо,хахаха
...гээд л бичээд тавьчихсан чинь ,өөдөөс харин,


~Чи тэгвэл нэг сайхан 4н мөрт биччих, тэгвэл талх, гамбир ярихаа болилоо..гэж байна шүү.
Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдгийн үлгэр болж,яалт ч үгүй бодолд автсан гэж байгаа.


Юун бодол вэ гэвэл,тавдугаар ангид байхдаа,нөгөө ангийн хөвгүүнийг сургуулын хонгилд зөрж өнгөрөх бүрт хачин их догдолдог байснаа дурслаа л даа.хэхэ.



    

Тэр намайг ер тоохгүйээ,тэрийг нь би мэддэг болохоор 7төгстлөө холоос харж,шохоорхож явсаар, сэм сэмхэнээр мартсан даа.
Мартах ч юу байхав,тэгж хүчтэй бодож барихаа больсон санагдана.
Их гоё инээмсэглэдэгсэн.





Би ер нь тэр үед нэг их инээдэггүй байсан юм боловуу?..их л өөртөө итгэлгүй хүүхэд байж билээ.
Түүн шиг инээмсэглэдэг болохсон,инээмсэглэлээрээ хүмүүст бага ч болов аз жаргал бэлэглэхсэн гэж хожим нь боддог болсон байлаа гэж...


Гэнэхэн бага насныхаа гэнэн хонгор шохоорхолоо эргэн дурссан минь энэ билээ.



Чи дэргэдүүр өнгөрөнө,инээмсэглэл бэлэглэнэ,зүрх зогсоно
Чимээгүйхэн,сэтгэлд хаврын яргуй дэлбээлнэ,сая л ухаарна
Хөвгүүн чамайг тэр л агшинд хайрын бурханаар тодруулна,
                                                                        ганцаар дурлана
Хүний хүн болсон ч нууцхан шүтнэ,гэгээн дурсамжиндаа багтаана
                  ...хавар, ...инээмсэглэл,...яргуй...чи айсуй... 
                            
                                                                              А.Дайрийжав       
                         2012.5.4.Япон.

Багадаа энэ киног ангиараа кино театрт очиж үзэж байсан ч,нас дэндүү бага болоод тэрүү?... юу ч ойлгоогүй ,харин уг киноны дуу л их гоё санагдаж,сэтгэлд хоногшжээ.

                          
      дуучин Цогоогийн дуулсан ”Агшин” киноны дуу


Агшин

Бүтэлгүй дурлалын аагинд умбаад
Болзоонд хүлээх учрал бүхэнд
Борооны дараах цэцэг шиг
Бие сэтгэл минь ариусна

*Насан туршдаа мартаж чадамгүй
Нэг л агшин гэж байдаг юм тиймүү
Найз минь чи наддаа эрхлээч
Наалинхай аашаа дэлгэн эрхлээч

Гэгээн орчлонгийн эрээн бараанд
Гунигтайяа чамаасаа хагацахын үед
Бухамдал гомдолоо тэвчин өнгөрүүлэж
Би уянга болон эгшиглэнэ

*Насан туршдаа мартаж чадамгүй
Нэг л агшин гэж байдаг юм тиймүү
Найз минь чи наддаа эрхлээч
Наалинхай аашаа дэлгэн эрхлээч

*Би түүнтэй сургуулын хонгилд зөрсөн тэрхүү агшинг дахин эргүүлж ,өөрчилж чаддагсан бол сандралгүйгээр,өөдөөс нь эгц хараад чин сэтгэлээсээ хариу инээмсэглэл бэлэглэх байсан байх?... гээд л мөрөөдөхөд сайхан байлаа.

コメント

  1. Сайхан нийтлэл болжээ. Аз жаргал харамсал гуниг гээд л бүх л зүйлс санаанд эргэн хөвөрч байна. Амьдралын аз жаргал сэтгэл хангалуун байхаас эхэлдэг байх. Дайрий минь тэмдэглэлдээ үргэлж сэтгэлээ шингээж байдагт би үргэлж баяртай байдаг шүү.Амьдралд чинь аз жаргал сайн сайхан бүхэнг хүсье. Амьдрал хайраар дүүрэн..
    http://www.youtube.com/watch?v=AO6BkGm337Y&feature=related

    返信削除
  2. Энхжаргалаа,үргэлж чин сэтгэлээсээ бичлэгүүдийг минь уншиж, сэтгэгдэлээ бичиж үлдээдэгт баярлаж явдаг шүү.Чамд энэ хөгжмийн зориулъя.
    http://youtu.be/HJdjUcMesV0

    返信削除
  3. Хүсэл сонирхол үргэлж нийлж байдаг анд минь! Нүүр тулан уулзах тэр л өдрийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлж байна.
    Анх шоколадтай амтат нийтлэл бас бороотой нийтлэлийг уншаад сэтгэгдэлээ бичиж байсан. Тэрнээс хойш бүхэл бүтэн нэг жил өнгөрчээ. Найз минь цаг хугацаа ямар хурдан өнгөрөө вэ. Эргээд нэг харахаар бидний амьдралд олон аз жаргалтай болоод гуниг золонтой үе мөчүүд өнгөрчээ. Дайрий би энэ орон зайгаас юу мэдэрч юу бодож байгааг чинь би мэдэрч чаддаг шүү. Энэ хөгжмүүдийг би татаж аваад байнга сонсдог болсон.Заримдаа бүхнийг хаяаад зөвхөн урлагаар амьдрахыг хүсэх юм. Хичнээн хайртай гэж хэлсэн ч энэ үгийг маань хэнч сонсохгүй ойлгохгүй байгаа юм шиг санагдах юм. Яаг л Ван Гог шиг.

    返信削除
  4. Энхжаргалаа,чи бид2 их төстэй хүмүүс юм шиг байгаа юмаа...Яагаад гэвэл би чиний бодолд өчүүхэн ч эргэлздэггүй юмаа.хэхэ.Тиймээ, би ч адил урлагт,уран зурагт,төгөлдөр хуурын эгшигт дуртай.Хэдэн цагаар байтугай,хэдэн өдрөөр ч хамаагүй энэ л тухай бодоод,бусдыг огоорчихмоор...ухаанаа өгөөд,амьдралаа зориулчихмаар санагдана шүүдэ,Амьдралаас барааныг нь биш,аль өнгөлөг сайн талыг нь олж харахыг би эрхэмлэдэг.Муу хүнд ч гарцаагүй нэг сайн тал байдаг,Сайн хүнд ч яаалт ч үгүй муу тал байж л байдаг.Бид нэг л удаа төрдөг,нэг л удаа үхдэг,Тэрнээс өмнөх хойнохыг чи бидний хэн нь ч мэдэхгүй.Нэгэнт олдсон амьдралаа үр бүтээлтэй,утгатай,зөв,сайхан өнгөрүүлж чадаж хэмээнэ эцэст нь олны хайрыг өөрийн эрхгүй татаж чадах буйзаа.Бүтэн жил урт мэт боловч үнэхээр богинохон юмаа.Чамтай анх энэ блогын хүчээр танилцсан,чин сэтгэлээсээ,ямагт эелдэг,үг үсэг бүрээс хүнлэг,урлагийг хайрладаг нь мэдрэгддэг ийм сайхан бүсгүйтэй танилцсандаа маш их баяртай байна.Цаашдаа ч бид олон зүйлийн тухай ярилцах байх,ярилцаасай...Чамд ч мөн адил энэ хорвоогийн хамгийн сайн сайхан эрүүл энхийн дээд,инээд баяслын дээд,эрдэм мэдлэгийн дээ,энэрэл хайрын дээдийг хүсэн мэндчилье.Дайрий.

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

Д үсэг яасан яасан гэнээ?

Заримдаа өөрийгөө бурхан хилэгнэтэл  тайван байлгах юмаа. Хийх ёстой хамгийн чухал зүйлээ хийхгүй,шал дэмий фэйсбүүк,юү-түүб,экс фактор гэсэн юмаар эргэлдээд....,тэгээд өөрийгөө их зэмэлнээ. Бүр болъёо гээд фэйсбүүкээс гарах юм болно. Монгол дахь гэр бүл,найз нөхөдтэйгөө холбогддог учралын ганц гүүр болчихоод байхад худлаа л даа... 8сарын 1нээс 11ний хооронд Монголдоо харисан гэж бичлүү яалаа? Богинохон хугацаа ч гэлээ үнэхээр сайхан дурсамжаар дүүрэн хоног, өдрүүд...одоо ч санаанаас гарахгүй юм. Харьж ирээд сэтгэл,санаа ямар байсныг ойлгож байгаа биздээ? Ядахдаа Японы зун гэж аймаар халууныг хэлэхүү? Энэ жил чинь яав?...юу болов? Японд бараг ган болж,8сард ихэнхи нутгаар бороо хур ороогүй гээд боддоо!! Тэгэхээр миний санаа сэтгэл гэж бүр ангаж,хатаж байсныг ойлгож байгаа биздээ?хэхэ. Нэг хэсэгтээ хоол ч хоолойгоор давахгүй байсан тул ядахдаа шингэн сайн сэлбэе! гэж бодоод хаа сайгүй хүнсний дэлгүүрт байдаг далайн гүний минералтай уснаас нэг удаа 2литрийг аваа...