スキップしてメイン コンテンツに移動

Пиано


Бодоод байсан чинь дуртай хөгжмийнхөө тухай бараг танилцуулж байгаагүй юм байна ш дээ.
Миний амин голоосоо хайртай,энэ биенийхээ тал мэт санаж явдаг,тоглож чадахгүй ч хэдийд ч сонсохоос жийрхдэггүй нэгэн хөгжим бол төгөлдөр хуур юмаа гэдгийг хэлэхэд таатай байна.

Эрхэмсэг,тансаг энэ хөгжмийг яг хаанаас нь юу гэж магталтай вэ?
Онох үг олдохгүй юм.

Би 4 юмуу 5настайдаа төгөлдөр хуурт хачин их татагдсан юмсан.

Цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийг Оюунэрдэнэ гэдэг,булцгардуу дугариг цагаан цариатай,давхраатай алаг нүдтэй,хав хар гоё урт үстэй эгч байсан санагддаг.

Шинэ дуу зааж өгөх болгондоо багш маань том том эгнэсэн ханын толиний хажууд данхайн байгаа өнөөх хар төгөлдөр хуур хөгжмийг цээжээр,эвсэлтэй нь аргагүй маш гоё эгшиглэнтэй тоглоно.
Тэр гар хурууны хөдөлгөөний уран нарийн хийгээд,хурдан шаламгай байдлыг хараад анх удаа хөгжмийн зэмсгийг тэгтлээ сонирхон биширсэн мэт санадаг даа,

Хормын өмнө л багшийн амнаас сонсоод хэдийнэ өөрийн болгосон цог золбоот хүүхдийн дууны эгшиг аялгуу Оюунэрдэнэ багшийн хурууны товшилт бүрт  түрэгдэн хөөгдөх адил ар араасаа хөврөн гарахад,балчир бид хэдийнэ цээжлээд,жавхлантайгаар дуулж зоггсон билээ.

Дуу хөгжмийн өрөөний хоймрын хананд хэдхэн жилийн дараа гэхэд ул сууриараа  Монгол нутгийн элгэн дээрээс болоод, нийгмээс арчигдах агуу их зөвлөлт гүрний социалист нийгмийг үндэслэсэн алдарт Ленин багш хийгээд,Монголын их удирдагч асан жанжин Д.Сүхбаатарын хөргийг хүндэтгэлтэйгээр залж,алх хадуур,алтан соёмбот улаан тугийг дор нь байрлуулаад,хоёр талаар нь том,том нэр усийг нь үл мэдэх далбагар навчит тасалгааны ургамалтай тийм нэгэн өрөө тэр цагийн хамгийн орох дуртай газрын нэг болж байжээ.

Хүүхдүүд хичээлээ дуусгаад анги руугаа явахад би ганцаараа үлдээд яаж ийгээд тэр хуур хөгжмийн товчлуурыг нь дараад үзчихийг хүснэ.
Багшийн нүдийг хариулж байгаад До~ Ре~ Ми~ Фа~ Со~ Ля~ Си До~~До~Си~Ля~Со~Фа~Ми~Ре~Доо~~~гээд л хэдэн цагаан товчлуурийг ээлж дараалан дуугаргаж үзнэ.
...тэгж байгаад яаж ийгээд нэг дууны аяыг оруулаад тоглоод сурчихсиймаа.Харин тэр аяа одоо таг мартаж орхижээ.За тэр яахав,хэхэ.

Яваандаа төгөлдөр хуурт хоргодоод байгааг Оюунэрдэнэ багш маань анзаардаг болж,миний дуугаргасан бяцхан аяыг сонсоод,~Дайрий,чамд сонсгол байна,төгөлдөр хуур тоглоод сурчихвал зүгээр хүүхэд байна!!!гээд л магтаж,урам хайрлана.
Тэгээд багш намайг өвөл билүү хавар хотын”Хөгжим бүжгийн дунд сургуулын элсэлтийн шалгалтанд дагуулж явна”гэж амладаг юм байна.
Би бүр хөөрчихсөн...хэхэ.Бараг л хөгжимчин болчихсон юм шиг баярлаж байж билээ.
Тэр шалгалтанд нь яаж оролцдог юм бол?гээд л элдвээр бодоод ч санаанд буух юм үгүй тул,дэмий баахан мөрөөдсөөр өдөр хоног өнгөрлөө.
Багш намайг дагуулж явах болоогүй л юм байх даа?
Хүлээгээд л байлаа.
Би чинь тэрнээс өөр бүр юу ч бодохгүй болчихож байгаа юм чинь...хэхэ.
Нэлээд хэд хоног өнгөрлөө.
Дуу хөгжмийн багш солигдлоо.
Оюунэрдэнэ багш амаржих тул,нэг хэсэгтээ буцаж ажилдаа орохгүй байх...гэж орных нь багш хэлснийг сайн санаж байна.
....нэг хэсэгтээ буцаж ирэхгүй гэнээ?
...сэтгэл нэг л гунигтай болоод явчихлаа.Миний төгөлдөр хуурын шалгалтын тухай багш тэгээд юу ч хэлээгүй юм байхдаа?
Хэн ч юу ч хэлсэнгүй.
Хэдэн өдрийн дараа Оюунэрдэнэ багш ирлээ.Манай ангид ирээд надтай уулзлаа шүү.
”Дайрий,багш нь удахгүй маамуулах гэж байгаа,нөгөө сургуулийн шалгалтанд дагуулж явж чадахгүй болчихлоо.Чи харин ээждээ хэлээд,хамтдаа ХБДСургууль дээр очоод сонсголын шалгалт өгөөд үзээрэй,Чи заавал тэнцнээ!!!”гэлээ.

          

Би тэгээд ээжид хэлсэн юм байлгүй,нэг цастай өдөр (байсныг бодоход өвөл юмуу хавар байсийм шиг байгаам) ээж намайг тэр сургуулын үүдээр дагуулж орсийм даа.
Урьд хожим үзэж хараагүй том том цагаан хашлагатай цэлгэр том ордон шиг л санагдсан тэрхүү байшин дотроос янз бүрийн хөгжмийн элдэв эгшиг,цуурай сонсогдож,энд тэнд тэрхүү үл мэдэх зэмсэгийг барин алхалах ах,эгч нар мэр сэр харагдана,
Би бүр сандраад юу ч болоод байгаагаа мэдэхээ байсан амьтан ээжийн хэнтэй уулзаж,юу гэхийг  нь л ажиглаж зогслоо.
Том цагаан,бүдүүн баганы ёроолд модон ширээ байх ба үүдний жижүүр бололтой махлаг,биеэрхүү настай авгай ард нь товхийн сууна.
Ээж тэр хүнтэй ярилцсаны дараа намайг тэр хүнд шалгуулах юм боллоо.
Сонсголын шалгалт гэх юмуудаа,нэг тийм ....товчхондоо гэвэл,эмгэн эхлээд ширээндээр харандаагаар ямар нэг үл мэдэх хэмнэлийг хурдан удаан тогшиж үзүүлнэ.

...тооог тооог тооог,тог тог тоог тог тооог,тог тог тог ...гэх мэт замбармаагүй урт юм...

Би тэгээд л сайн ойлгоогүй ч дагаад л тоог тоог тог гээд л ногоон балын харандаагаар адилхан товшиж үзлээ.
Юу болсон мэдэхгүй,өнөөх жижүүр эмээ ээжийг эндээ хүлээж байгаарай гээд намайг дагуулаад дээшээ шатаар өгсдөгийм байна шүү.

Ногоон ханатай,цагаан таазтай ,шар будагтай модон шалтай өрөөнд яваад орлоо.
Алхам алхамаар урагшилахад бяцхан зүрх догдолсондоо арай л амаар гарчихгүй,ухаан санаа балартах шахавч,өөдөөс харан суугаа хоёр багш эмэгтэйг чиглэн урагшилна.
Хөгжмийн их өргөө боловчиг хуучин барилгын ховол нь ханзарсан шалны хөгшин банз мод хүртэл шавилхан миний өр зүрхийг өмлөн,элэглэх мэт ёозгүйхэн шахиран дуугарна.

Тэр хоёр багш эхлээд хуруу гарыг минь хараад хоорондоо яриад л байна.
Монгол хүн Монголоороо ярьж байгаа атал,надад бол харь гаригийн хэлээр л яриад байх шиг,юу гээд байгааг нь ойлгож барсангүй.
Дараа нь саяны доор нэг давхарын жижүүр эмгэний авсан шалгалттай адилханаар харандаа юмуу ямар нэг саваа модоор товшиж,адилхан товшуулж үзэж байна.
Түүний дараа төгөлдөр хуурын дэргэд дагуулж авчираад,нэг багш нь ямар нэг аяыг тоглолоо.
Анх удаагаа сонссон аяыг цааш яах ёстойгоо ер ойлгосонгүй.Дагаад дуулах юмуу,тогтоосон хэсгээ багшид шалгуулах ёстой байсан бололтой.
Би бүр дээдийн дээд зэргээр сандарсан байсан тул юу ч тогтоож чадсангүй,юу ч дуулж чадсангүй.


Гэртээ харисан ч ээж надад юу ч хэлэхгүй мөртлөө,гэрийнхэнд ямар нэг юм тайлбарлаад байх шиг санагдлаа.Хожим дуулахад би тэнцээгүй байсан юм байна л даа.хэхэ.
Хавар болж,би гэнэт цэцэрлэгээсээ шилжиж,гэртээ ойрхон цэцэрлэгт орлоо.Тэр цагаас хойш Оюунэрдэнэ багшийг дахин олж хараагүй бөгөөд,төгөлдөр хуурч болохсон гэсэн гал халуун хүсэл мөрөөдөл минь”Би төгөлдөр хуур сураад ч дэмий,багш нар намайг хөгжмийн авъяасгүй!!!гээд сургуульдаа аваагүй юм чинь!!!”гэсэн хатуу бодолд ээрэгдэн хадагдсаар,нэг мөсөн унтарсан юмдаа.
Багадаа төгөлдөр хуурыг бодохоор л мөрөөдөл оргилох боловч,сэтгэлд гуниг төрүүлэх тул тэгсгээд мартдаг байж.
Бага ангид ороод удалгүй засаг төр солигдоод,амьдрал бараан өнгөөр дүүрсэн болохоор зах зээлд орох,хувьд өмчлөгдөх, картны бараа,талх үнэд орох,шаглах,тог тасрах,дэлгүүрт оочирлох,Эрээнээс гахай чирэх,хойшоо урагшаа явах,өлсөглөн зарлах,ардчилсан хөдөлгөөн,Хонх хамтлаг,Ард банк,хувьцаа гэх мэт учир утгыг нь дэнтэй дунтай ойлгож авсан хэдэн саарал үгнүүдэд амьдрал эргэлдэж,тэр дунд өөрт хамаатай талханд оочирлох гэдэг үгийг өдөр тутмын үйлдэл болгосноор төгөлдөр хуураа нэг мөсөн мартсан явж билээ.Бага сургуульд хөгжмийн хичээл гэж ордог ч,багш маань баянхуур тэврээд анги ангиар явж дуу заадаг,самбар дээр ноот бичээд бид тэрийг нь адилхан хуулахаас цаашгүй тул,тэгтлээ урлагийн сайхныг мэдэрч,хөгжмийн гэгээрлийг олсонгүй.Харин хэзээ хойно би Японд ирээд санамсаргүй нэгэн найзын урилгаар Ричард Клэйдэрманий тоглолтыг хамтдаа үзсэнээр төгөлдөр хуур хөгжмийг дахин шимтэн сонсох болсон билээ.

Кэйтт Жаррэт-Токио Соло Концерт


Миний дуртай хөгжимчид гэвэл нэлээд бий.
Хөгжмийн зохиолчидоос гэвэл Шёпан,Хиса-иши Жоэд илүү дуртай.
Хөгжимчидөөс гэвэл Японы алдартай төгөлдөр хуурч Цүжий Нобүюки,Францын Кэйт Жаррэт гэх мэт болой.

Мэргэжилийн биш болохоор төдийлөн нарийн мэдээ мэдээлэл хүргэж чадахгүй ч,сэтгэлд хүрсэн таалагддаг,сонсдог аянуудаа та бүхэнд сонсгож байяа гэж бодлоо.

Цаг заваараа тухлан,таалан сонсно уу?

コメント

  1. Сайхан бичлэг байна. Төгөлдөр хуур суралцаасай гэж хүсэж байна. Үнэндээ төгөлдөр хуур тоглоход тиймч хэцүү биш харинч амархан гол нь тэвчээр, сурий мэдий гэсэн сэтгэл л байвал амархан гэж бодож байна. Сайхан бүтээлүүдийг амтархан сонсохыг маш их хүсэж байна. Клайдермэн тоглолтыг үздэг азтай юмаа. Би Хиса-ишиг тоглолтыг байнга сонсодог болсон. Сонсож байгаад нэг ийм бодол төрсөн Хиса-иши Шопентой эн зэрэгцэх хөгжимчин мөн болов уу? гэж харьцуулалт хийхийг хүссэн.

    返信削除
  2. Энхжаргалаа,баярллаа.Тиймээ,би хожим нь төгөлдөр хуур сурахад тийм ч төвөгтэй хөгжмийн зэмсэг биш гэдгийг мэдэрсэн л дээ,хэхэ.Яваандаа сурна гэж боддог,Би нэг гоё аяыг сонсох бүртээ,заавал тоглож сураад,дотно хүмүүстээ тоглож үзүүлэхсэн гэж мөрөөдөх болсон.Хиса-ишигийн хөгжим л дөө.Их гоё.Дараа тавинаа.Харин Шёпаныг Хиса ишитэй харицуулвал алдас болох байх шүү,хэхэ,мэдэхгүйээ,багаар бодоход тэд одоо оршиж,бас эс оршиж байгаа шүүдээ,тэгэхээр оршиж буй нь илүү ихийг үлдээх боломжтой байх,Харин тэр хэмжээний хүч байна уу?үгүйг би үнэхээр хэлж мэдэхгүй юм,гэхдээ харьцуулаад сонсож үзэхэд юу нь болохгүй байхав,хоюулаа маш сайхан,гайхамшигтай бүтээлүүдийг туурвидаг шүү дэ?Ричард Клэйдэрман,сүүлийн үед ер сонссонгүй,ямар нэг гоё шинэ ая байвал санал болгоорой,
    Андрэ Гагноныг сондогуу?Би Андрэд нь илүү дуртай юм шиг байгаам,хэхэ.

    返信削除
  3. сэтгүүлд бичвэр өгөхийг сонирхож байвал холбогдоорой. chandaa_mn@yahoo.com

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог...

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу...

ОХИНДОО НОМ УНШИЖ ӨГӨӨРЭЙ

Би 3-4настай л байсан юм боловуу? Ой ухаан дөнгөж эргэн тойрноо бүдэг бадаг мэдэрч эхэлсэн балчирхан үеийн минь мартагдашгүй нэгэн тод дурсамж гэвэл одоо ч хайртай,хамгийн дуртай номтойгоо анх учирсан тэр мөч юм. Аав минь зуны нэг өглөө эрт намайг дагуулаад гэрээс маань холгүй орших томоохон номын дэлгүүр орж,хүүхдийн 2ном авч өглөө. Тавиур дээр эгнэсэн олон номуудаас аль гоё харагдсаныгаа хуруугаараа заахад хамгийн дээд эгнээний багавтар хэмжээний  хүрэн улаан хавтастай,нимгэн,зурагтай ном,цэнхэр хавтастай бас нэг номыг худалдагч эмэгтэй гараа сунган авч өгч байсныг,тэр номоо худалдаж аваад номын дэлгүүрээс баруун тийш хэсэг алхаад байдаг дунд сургуулийн налуу,намхан,чулуун дэнж дээр намайг тэвэрч суугаад уншиж өгч байсныг,аав минь инээж байсныг,сахал нь дагзнаас хатгаж байсныг,цоо шинэ номын хуудаснууд маш гоё үнэртэй байсныг,дээл нь цэнхэр өнгөтэй байсныг ер мартдаггүй юм. Одоо бодоод байхнээ,аав минь л анх номын ертөнцөд намайг хөтлөн оруулжээ. Би өөрөө ном уншиж чадд...