スキップしてメイン コンテンツに移動

А ба миний 9сарын11...


Гэнэт банзан хаалга тас тас дуугарлаа.
Манай хүн дахиад л зүүдэндээ хөлөөрөө өшигчиж байна.
Зүгээр унтаж чадахгүй,зүүдэндээ өнөөх намхан матрасан орноосоо өнхөрч оочоод,
унтлагын жижиг өрөөний энд тэнд гараад хана туургыг нь өшигчөөд,ороо тойроод тойрон аялал хийгээд явдаг хүн шүү!!кк

Цаг уг нь 19:23.
Гэгээ тасраад овоо хэдэн хором өнгөрсөн ч жирийн үед бол ийм эрт хажуулдах өдөр бишсэн.
Ялангуяа өнөөдөр бол бүр ч...
Арга ч үгүй юмдаа.Өглөө 5цагт ажилдаа явдаг юм чинь.

Орой хоолоо идэхдээ би түүнд хэллээ л дээ.
Өнөөдөр бидний анх танилцсан өдөр юм байна ш дээ!!??
Өө,тийм билүү?9сарын3нуу?гэнээ.



Арай ч дээ,хонгор минь өнөөдөр 9сарын11 гэж хэлээд байхад яаж чи тэгж зөрүүлж хэлж чадаж байнаа.
Аааа,хэлэх ч үг олдсонгүй.
Дуугүйхэн нохойгоо салхилуулахаар гарлаа.
Өөрийгөө ч бас...
Гар утсаа авч гарсангүй.

Гадаа нэлээд бүрэнхий орчихсон,сэвэлзүүр салхи бүлээн уруулаараа хацар үнсээд ч байх шиг...
Салхи ер нь хүнээр бол эр хүйстэй байхаа.Энэ үдшийн салхи их аядуу зөөлөн,яг манай хүн шиг тайван юм.

Сүүлийн 10жил 9дүгээр сарын 11ний энэ өдөр хар тамгатай,гашуудлын,харууслын өдөр болон цоллогдож,бидэн хоёрын учирсан тэр гэгээн дурсамжыг баллаж амжжээ.
Бүгд мэддэг зүйлийг цааш бичээд ч яахав.

Харин миний бие нохойныхоо цойлох хүчинд өөрийн эрхгүй угзчуулан,дугтруулан гүйж явахдаа 14жилийн тэртээх 9сарын11ний өдөр рүү сэтгэл санаагаа хөөргөн алдаж орхив.
Яг л бяцхан охин аавынхаа үлээсэн бөмбөлгийг гараас нь авах гээд салхинд шүүрүүлэн нисгэж орхих адилаар..

Ахлах сургуулийн төгсөх ангийн охин,жоохон номын хэнээтэй ч юмуу,номын сангаас салахгүй.
Тэр үед сургуулын Англи хэлний Т багшийн нөлөөгөөр <<Шинжлэх Ухаан Мэдээлэл Технологийн Төв>>ийн дотор байрлах <<Соросын сан>>гийн номын санд их очдог байж.
Англи хэл бараг мэдэхгүй байж(дунд ангид Орос хэл үздэг байсан)байн байн очно гэдэг эсвэл их хэнээтэйгийнх,эсвэл Англи хэлтэйгийнх....За тэгээд аль нь байсан ч өнөөдрийн надад хамаа алга даа,ямар баар саванд байнга очоод байсан биш,хэхэ.

Тэр өдөр 1998оны9дүгээр сарын11ний өдөр.Тэнгэр цэлмэг,нартай.
Намрын шаргал нар над дээр ч,чам дээр ч тусдаг тийм л сайхан тэнүүн нэгэн өдөр...

Би эгчтэйгээ тэр өглөө Соросын намын санд очсон юмдаг.

Тэгээд хэсэг хугацааны дараа одоогийн Япон-Монгол төвийн өмнөх автобусны буудлаас хороолол руу явах автобусанд суулаа даа.Сансар-Хороолол гэсэн улаан Польш ч билүү автобус...(Одоо байдаг боловуу?)

Гэсэр сүмийн баруун хажуугаар дээшээ өгсөөд,Гандангийн яг ар харалдаа зогслоо.
Гэнэт яагаад ч юм би үсрээд буучихсан.Бүр ухаан жолоогүй алхсаар Гандангийн баруун хаалгаар ороод,дахин өглөөний хурал хурдаг шар дээвэртэй намхан дугана руу алхлаа.
Эгч маань яалт ч үгүй араас буугаад,намайг дуудаад л,явъяа~~,харъяа л даа,хаачих гээд байгаа юм бэ,чи!?гээд л...Би ер түүнийг юм хэлж байна гэж тоосонгүй,Гандан хийд рүү  өөрийн мэдэлгүй яваад л байхиймаа,хэхэ.




Гол дуганы хаалгаар орлоо.
Үдээс хойш3цаг орчим байсан боловуу?
Уншлага хэдийнэ дууссан тул эргэн тойрон ямар ч хүнгүй,эл хуль...
Хэдэн тагтаанууд л бувар бувар,гүрр-гүрр...

Өөдөөс 18,9ч юмуу насны яах аргагүй Япон залуу зургийн аппарат бариад алхаж гарч ирсэнээ хоёр дуганы завсараар хойшоо яваад орчихлоо.Яагаав дээ,баахан хуучны том том хүрднүүд байдаг байсан даа.
Би ч хүүхдийн гэнэн,сониуч зангаараа тэр замаар нь дагаж алхлаа.
Аа,нөгөө Япон хүн чинь тэнд зураг авч байна.
Ааа,наашаа харлаа,инээлээ,ямар нэг юм яримаар байгаа нь нүднээс нь илт...,намайг ширтээд ч байх шиг...хэхэ
<<Конничива>>
Тэр зун өвөөгийнхөө гэрийн амбаарт өчнөөн жил хураасан ундааны шилийг хүнсний 56дугаар дэлгүүрийн баруун талд шил авдаг авгай нарт аваачиж тушаагаад(1шил нь 100төгрөг орчим байсан боловуу)олсон мөнгөөрөө авсан Япон-Монгол хэлний толь бичиг(одоо бодоход тэр толь бичиг нь Токёогийн гадаад хэлний их сургуулын Озава Шигэо багшийн билүү их зузаан Монгол-Япон хэлний толь бичгийн хамгийн арын хавсралт байсныг хувилж зарж байсан юм байна лээ л дээ)-ээс дөнгөж сурсан Сайн байна уу?Би,Монгол,Хүн...зэрэг үгсийг эвлүүлэх гэж үзэж буй нь тэр....
Үл таних,бас ч үгүй царайлаг Япон ах халтар мултар хэлсэн үгийг минь ойлгосон бололтой
<<Конничива>>гэж хариулж байна шүү.
<<Би Япон хүн>>гээд өөдөөс Монгол үг хэлж байна.

Амьдралдаа бараг Япон хүнтэй ярьж үзээгүй байсан хүн чинь гэнэт гарч ирсэн,танихгүй тэр хүнтэй учиргүй сайн ойлголцсондоо бөөн баяр болж билээ.
Тэрээр Англи хэл бага зэрэг мэддэг бололтой байсан ч,би өөрөө өнөөх Англи хэлийг нь бараг мэдэхгүй тул,дохио зангаа голдуу,гар хөлөө гозогнолууж шахуу нэг цаг хэртэй ярив.
<<Чикюү-но-арүкиката>>гэдэг Японд алдартай аялагчидад зориулсан тухайн газар орны мэдээллийн бүрэн товхимол байдаг юм.

                

Тэр номны ард байдаг ярианы дэвтэр маягийн буланг ашиглан,намайг ....гэдэг,би ахлах сургуулын сурагч,бас бус өөрийгөө танилцуулсан санагдана.
Харин түүний нэрийг А гэх бөгөөд,19биш,27настай болж таарав.Их эелдэг дуу хоолойтой,зөөлөн нүдтэй хүн гэсэн сэтгэгдэл тухайн үед надад үлдсэн юм боловуудаа?

Ямартай ч эрэгтэй хүн ийм зөөлхөн ааштай байж болдог гэж үү?гэж гайхаж байсныг л санадаг юм.
Өө,тэр бид хоёр ойлголцох гэж ядаж байхад эгч маань хол очоод зогсчихсон,Дайрий хурдлаачээ,гэртээ харъяа л даа,би чамайг танихгүй эрэгтэй хүнтэй ярисан гэж ээжид хэлнэ шүү,түрүүлээд харьлаа шүү!!гээд л хашгичаад л байдаг....,
Миний чихний хажуугаар л нисээд байсан байх,тэр үгнүүд нь,хэхэ.

Шинэхэн танил,Япон ах А өнөөх номондээрээ нэг үг зааж байна.

<<Таны зургийг дарж болохуу?>>
Би ч дор нь толгой дохисон байхоо....
Нэг л мэдэхэд А том зургийн аппаратаа наашаа чиглүүлчихсэн,эгч маань дуранд нь өртөхгүй гэж гүйж харагдсан юмдаг.

Бараг 13,4жилийн өмнөх явдал тул өөр яг юу ярьсаныг санадаггүй юм.
А надад шар өнгөтэй,Англиар бичсэн нэрийн хуудсаа өглөө.
Хүн болсоор нэрийн хуудас гэдгийг авч үзээгүй тул бөөн баяр...,гэртээ хариад л бор өнгөтэй тэмдэглэлийн дэвтэртээ наачихсан юм даг.хаха.



Сарын дараа би нэг захиа бичээд,сургуулын Англи хэлний Т багшийг гуйж орчуулууллаа.Тэгээд түүнийг нь А4-ийн цагаан цаасан дээр цэвэрхэн хуулж бичээд А ахдаа явуулахаар шийдлээ.
Яг тэр үед Т багш маань зун нь хөдөө хаашаа ч юм яваад ирэхдээ түүж ирсэн Эдэлвайс(Цагаан уул)цэцгийн хатаамлыг надад бэлэглэсэн юм л даа.Гэртээ харьж иртэл ээж маань ажил дээр нь нэг хүн зарсан юм гээд маш гоё шар саагаар зурж хэвлэсэн Эдэлвайс цэцгийн зураг,Mongolian Edelweiss гэсэн бичигтэй цагаан дугтуй 10ширхэгийг худалдаж авч ирсэн байв.
Захиагаа уг дугтуйнд хийхдээ зөвхөн Монголын өндөр ууланд л ургадаг,ховор цэцэг юм гэнэлээ гэж сонсож байсан тул,А ахад сонин байх боловуу?гэж бодоод захиан дундаа хавчуулаад,гоёмсог цагаан дугтуйндаа хийгээд Монгол шууданд авч очлоо.
Хожим нь харин Цагаан уул цэцэг үхэшгүй мөнх,хайрын бэлэгдэл цэцэг гэдгийг дуулаад,түүнд явуулсандаа учиргүй ичиж билээ.хэхэ.

Анх удаа гадаадад захиа явуулах хүн чинь бас хэрэндээ догдловоо,хөөрхий.
Сайн явж хүрдэг боловуу,хаяг нь зөв боловуу?хариу ирэх боловуу?Намайг таних боловуу?энэ тэр гээд өчнөөн юм ургуулж бодсоны эцэст баталгаат захиа гэдгээр нь явуулваа.

Нэг хэдэн дугаартай цаас надад өгөөд,алга болгож болохгүй шүү!!гэж хүлээн авагч эгч хэлсэн тул,хичнээн нандигнаж харьсаныг минь та нар төсөөлөхгүй боловуу даа....

Төв шуудангийн зүүн гарцаар догдлон гарахдаа хэдхэн өдрийн дараа надаас хэдхэн метрийн зайтай ,замын эсрэг талд С.Зориг гуайн хөшөө босож,би,бид,Монгол минь уй гашууд автана чинээ санаагүй явжээ.

Тиймээ тэр өдрийн орой нь нэрт улс төрч С.Зориг гуай бусдын гарт алтан амиа алдсан билээ.
Ум мани бадми хум...



Хав хав хав....
Гэнэт нохойндоо угзчуулан дурсамж,бодлоосоо сэргэлээ.Гар утсаараа хэн нэгэнтэй ярингаа жижиг хар хав нохой дагуулсан залуу хажуугаар зөрлөө.Мэндлэх ч сэхээ алга шүү.За тэр ч яахав...

Төдөлгүй гэртээ эргэн ирж,нохойгоо уячихаад,дотогшоо ортол,хав харанхуй...
Нөхөр унтчихсан бололтой.
Ганданд танилцсан өнөөх А гэдэг Япон ах маань шүүдээ,гүйдэг банзан хаалгаа өшигчөөд унтаад байгаа энэ нөхөр чинь....

コメント

  1. Sain bichjee... Amjilt

    返信削除
  2. Tsoomoo,unshsand bayarllaa.Hicheenee,hehe.Chamd ch bas amjilt husye!

    返信削除
  3. Peakfinder,blogt min zochilj,setgegdelee uldeesend bayarllaa.

    返信削除
  4. Сайн уу, шинэ блог олсондоо баяртай байна. Байнга зочилж байх болно, тийм болохоор байнга гоё бичлэг оруулж байгаарай. Анх уулзангуутаа аймаар даалгавар өгдөг байна шд. Манайхаар орж гарч байгаарай.

    返信削除
  5. Энэ муу гүйдэг хаалга их сүртэй дуугардаг юм шүү нээрээ. Манай 2 хүүхэд бас байнга өшигчөөд пижигнүүлчихдэг юм. Анх шөнө их цочоод юм хум унаж байна уу аянга тэнгэр дуугарав уу яав гэж боддог байсан, одоо ч дасаж дээ. Ганц хүрэх төдийд л тачигнаад сүртэй дуугараад байдгийн. Бүр гадна гэрийн хаалга, ванны өрөөний хаалга хаахад хүртэл салхинд нь цохиулдаг юмуу яадгийн пир пар гээд сүртэй дуугарна гэж яаваа.

    返信削除
  6. Сайн байна уу,Нараа?Тэмдэглэлд минь зочлон,сэтгэгдэлээ хуваалцсанд баярллаа.Гүйдэг хаалгыг сайн мэдэж байгаа юм чинь ойрхон амьдардаг хүн бололтой.Анх уншаад л даалгавар нэмж өгдөг хүнтэй ер таарч байгаагүй юм байна.хэхэ.Гэхдээ ингээд унших хүнтэй,сэтгэгдэлээ үлдээх хүнтэй байх шиг сайхан юм юу байхав,Миний бичсэн зүйлс ихэнхдээ дурсамж байдаг тул,уншсан хүнд нэмэр багатай л даа,Ямартай ч цаашдаа хичээгээд бичнээ.Баярллаа.

    返信削除
  7. Хөөөх, ёстой гоё блог олоод авах чинь, ном уншиж байгаам шиг их гоё санагдлаа. Бичээд байгаарай :)

    Нараагын блог хэсч байгаад л гоё блог олж авсан болохоор Нараад бас баярлалаа.

    返信削除
  8. black swan,Сайн байна уу?Блогоор минь зочилж,сэтгэгдэлээ үлдээсэнд баярллаа.Аль болох ойр ойрхон шинэчилж байхыг хичээнээ,Дахин зочилоорой,баярллаа.

    返信削除

コメントを投稿

このブログの人気の投稿

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог

Хүүхдэд холбогдох зан үйл ,ёс заншил ,түүнд сургахуй.

Р.Батаахүү гуайн< Монголчуудын сурган хүмүүжүүлэх гэрийн сургуулийн уламжлал 1991)номноос авав. Монголчууд эртнээс нааш хүүхдийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн билээ.Залуу эр,эм айл болуут үрийн зулай үнэрлэхийн хүслэн болж ,өвгөд хөгшид нь ам барих ачаа харах өдрийг тэсч ядан хүлээдэг билээ.Иймээс ч Үртэй хүн жаргадаг Үндэстэй мод найгадаг Эрдэмд оройгүй Үрд ганцгүй Ухтэл үр Үгүйртэл мал Үргүй хүн нуд нойтон Үртэй хүн өвөр нойтон гэхчлэн цэцлэн хэлэлцэж ирсэн байна, Ерөөс хүн гээч болж төрсний нэгэн их үйл бол өөрийгөө залгамжлан хийж бүтээх үр удмаа үлдээх явдал тул хүүхдийг өхөөрдөн хайрладаггүй хүн гэж үгүй юм.Тиймээс ч гэж ярилцдаг. Хүүхэд тээж буй эмэгтэйг жирэмсэн гэж нэрлэн ихэд хүндэлдгийн жир-гэсэн нь хоёр гэсэн үг бөгөөд угтаа хоёр хүн гэсэн утга тул тэр болой.Иймээс хүүхдийг мэндлэхээс эхлээд тэдэнд зориулсан ёслол,зан үйлийн арга хэмжээ авч ирсэн байна.Уламжлалаас үзвэл энэ нь хүүхэд угаах,насны ой тэмдэглэх,үс авах зан үйл түүнд холбогдох ёслол юм.