Тэр үед би хотынхоо төв шууданд хүлээн авагч хийдэг байлаа.
Нас дөнгөж хорин наймтай.Гэртээ хүүхэд харсаар бүтэн гурван жилийн нүүр үзэж байсан тул,хүний мөрөөсөл болж,бөглүү хөдөөний жижигхэн хотдоо нүдний гэм болсон цэвэрхэн,хөнгөн,сайхан ажлуудын нэгийг олж аваад,ирсэн болгоныг нүүр дүүрэн инээмсэглэлээр угтаж,үдэхийн завсар юу айлдсаныг нь сэтгэчилэн бүтээгч,онож хэлвэл үйлчлүүлэгч гэдэг хааныхаа үнэнч албат зарц болсондоо хэмжээлшгүй их баяртай суудаг бүсгүй болоод байлаа.
<<Тавтай морил>>,<<Маш сайн ойлголоо>>,<<Хүлээлгэсэндээ хүлцэл өчье>>,<<Баярллаа>>,<<Дараа дахин үйлчлүүлээрэй>> гэсэн утгатай мэндчилгээний үг бол амны уншлага мөнөөс мөн бөгөөд,өдөр бүр,зочин бүрт тэр үгээ ёс мэт хэлдэгбилээ.
Хоёр жилийн өмнө уг ажлаасаа гарсан ч одоо хирнэ санаанаас гардаггүй үйлчлүүлэгч гэж байдаг юм.
Каной Токүжиро гэдэг байнгын үйлчлүүлэгч маань долоо хоногт хоёр удаа заавал өөрийн гараар бичсэн захиаг явуулж,нарийхан дугтуйны нүүр дүүрэн шуудангийн марк наасан байдаг байв.Тэгээд явах бүртээ дахин арав,хорь,тавин иэний марк худалдаж авна.Нас сүүдэр ерөн дөрөвтэй,манайхаар бол азай буурал Каной гуай маань миний ажил сулрахыг хүлээж байгаад хэд гурван үг солиод явах их дуртай.
Чих хатууууу~~,чанга хашгичиж хэлж,ярьж л өгөхгүй бол дуулахгүй,анар...
Зочин ихтэй үед бол цаасан дээр бичиж өгөх хэрэг гарна.Өвгөн дээр үед залуу насандаа Бирмийн дайнд тулалдаж,эх орондоо усан онгоцоор зургаан өдөр явж хүрч ирсэнээ ярина.Гурван хүүтэй,нэг нь Энэтхэг улсад ажиллаж амьдардаг бөгөөд хүүдээ байсхийгээд Япон хүнс явуулна.Нэг хүү нь гэр бүлээрээ ажиллуулдаг шатахуун түгээгүүрийн газартаа ажилладаг гэнэ.Xарин нэг хүүгийнх нь тухай мэдсэнгүй.
Би бүр цээжилчихсэн,гэхдээ яахав аандаж настай хүн ээндэж зочин,үйлчлүүлэгч маань юм чинь,<<Та наадахаа дахиад ярилаа,өвгөөн!!,одоо болиод харьж үз!!!>>гэж хэлж болохгүй шүү дээ.
Инээгээд л яриаг нь сонсоод байна.Ашгүй өөр үйлчлүүлэгч ирвэл би сая нэг аятайхан мултарч байгаа юм.Өвгөн харин бичсэн цаасыг минь өвөртлөөд харина.Яах гэдгийм болдоо,зайлуул...
Гэтэл өвгөн Никко гэдэг алдартай газрын анко гэдэг Япон маягийн зөөлөн бурамтай хачин чихэрлэг цэлцэгнүүрийг байс хийгээд авчирч өгөх болов.Гонзгой нарийн хайрцагтайгаас бүр хоёрыг шүү.Бас гайгүй хөөрхөн үнэтэй гэж байгаа.
Нэгийг нь ажлынхандаа хувааж идээрэй гэж өгнө,Нөгөөг нь гэртээ авч харина.
Хөгшин хүн өгсөн юм байна даа,авахгүй гэвэл гомдох байх гэж бодоод аваад л байлаа.
Нэг өдөр өвгөн намайг амралтынхаа өдөр заавал ирээрэй гэж гэртээ урилаа.
Өвөөгөөс минь ялгаа юу байхав гэж бодоод,заавал очихоо амлав.
Бямба,Ням гариг амралттай тул охин,хүү хоёроо дагуулаад,гарын бэлэг барьсаар очлоо.
<<Каной>>шатахуун түгээгүүрийн газрын хойд талд цагаан будагтай,үл мэдэгдэх төмөр ханан хаалга байх ба дотогшоо нэвтэрвэл саруул биш хэдий ч хэрдээ л цэлгэр хашаанд ороод явчихав.Жирийн Япон айлуудын гадаахи цэцэрлэгийн энд тэндгүй үзэгдэх өнгө алагласан цэцэгс хаа ч үл үзэгдэх нь жигтэй.Бариад бараг засвар хийгээгүй л боловуу?Дөч,тавин жилийн өмнөх байрын хоёр давхар модон Япон байшингийн өмнө тулж ирлээ.Бидний бараанаар цонхны цаана хэн нэгэн хүн биеэ хүчлэн өндийх нь өвгөн сая олж хараад угтахаар үүдрүүгээ зүглэж байгаа нь илт.
Ерөн дөрвөн жилийн амдралын нугачаанд жаргалаас илүү гуниг зовлон амссан боловуу?гэмээр галгүй сүүмийсэн онигир нүд,уруулын дээхнэ хаялуулсан шингэн цагаан сахал,був буурал толгойтой Каной Токүжиро гуай инээмсэглэсээр биднийг угтан,дотогшоо орохыг урилаа.
Хаалгаар ороод үүдний өндөр довжооны өмнүүр тайлсан гутлаа эгнүүлэн тавиад зүүн гар талын өрөөнд орвол Котацү гэдэг,өвөл бол дороос нь халаадаг бүтээлэгтэй ширээтэй Япон өрөө байлаа.
Шинэхэн,анхилам үнэртэй дээд зэрэглэлийн Япон цай,чамин хайрцагтай үнэтэй чихэр шоколад,Ёкохамагаас дотно танил нь өөрөө ургуулаад,жил болгон хэрэг болгож илгээдгийг тайлбарлан гаргаж ирсэн том,цэнхэр ягаан усан үзэмээр биднийг дайллаа.Хэсэг хоромын дараа хүүхдүүдийн тэсвэр алдагдан,өрөөнөөс гарах гэж зүтгэлж,нөгөө өрөө рүү гүйж орсоноос болоод араас нь элдэж тэрхүү өрөөнд нь орсон юм.Өвгөн ч араас орж ирээд хар хүрэн арьсан буйданд суухыг урилаа.Хоёр хүүхэд зөөлөн буйдан дээр ойж бууж тоглох гээд надад юуны зав чөлөө өгөх билээ.Цэвэр модон ханатай тэг дөрвөлжин өрөөн доторхи бичгийн модон ширээ,номын модон шүүгээ гээд арьсанболоод модон эдлэлийг чамбай хослуулсан тавилгатай,бага зэрэг Европ маяг ханхалсан өрөөнд зогссон чигтээ хүүгээ тэврээд эргэн тойрноо ширтлээ.
Номын шүүгээн доторхыг сайн ажиглавал <<Эверестийн өндөрөөс>>,<<Уулчин болохын тулд>>,<<Хойд Альпийн нуруу>> гэх мэт уултай холбоотой олон ном эгнэсэн байх нь содон.Өвгөн уулчин байсан юм боловуу?Энэ жижиг биенд арай л ахадсан спорт байлтай?Нээрээ эртээд Никкогийн уулыг нэгд нэгэнгүй мэднэ,хүсвэл замчилна шүү!гэж байсан даа?!Ийм учиртай байхнээ?
Асуултанд ээрэгдээд олон юм бодож амжаагүй байтал өвгөн харцнаас минь ойлгосон байртайгаар,<<Энэ их хүүгийн минь ном байгаа юм.Хойд Альпсд(Нагано мужид байдаг Кита Арпс гэж алдаршсан уул) эндчихсэн юм.Хорин наймханнастай байсан даа.Ууланд их дуртай,багаасаа намайг дагаад уулаар явж,ус халаах гэж өрддөг нарийн хус мод бэлтгэхэд тусалсаар яваад ууланд дуртай,бие чацархагболсон,өндөр сайхан хүү байлаа. Дулаан өвөл таарсных юмуу,уулын нурангинд хамуулчихсан юмдаа,хүү минь>>.
Яагаад ч юм би Каной өвгөний ганцаардлыг мэдэрчихлээ.Хэлээгүй ч гэсэн тэр ярих хүнгүй,ганцаарддаг юм байна. Түүнтэйойлголцдоггүй үе байдаг ч гэлээ аль болохтолгойгоо дохиод,инээгээд л зогсож байх нь мөн юм байна!!гэжбодож амжлаа.Цаг хэрэн болсоны хойно бид харихаар хөдөллөө.Гэрээс гартал өвгөн Каной байшингийнхаа зүүн хананы цаагуур яаран ороод,төдөлгүй хагас шатаасан хар хус мод гартаа барисаар ирлээ.
Залуудаа би модыг ингэж бэлтгэж зардаг байлаа,Дээр үед чинь бүх айлууд гэртээ ил гал түлж хоолоо хийдэг,халуун усны өрөөний ёроолд барьсан зуухандаа гал түлж ус халаадаг байлаа шүү дээ.Хүүгээ эндсэнээс хойш ганцаар хүчрэхгүй болж,айлууд яваандаа цахилгаан халаагууртай болохоор энэний ч хэрэггүй болсон доо..Одоо ч манайх л тэр пийшинтэйгээ хоцрох шив дээ.Өвөө нь ингээд орой болгон зуухандаа гал түлж,ус халаана,Бас Котацү(өнөөх халаагчтай ширээ)гээ халаадагганц ажилтай юм шүү дээ,хүүхээ!?гээд үрчлээ хуниасаар дүүрэн нүдээ жоотойлгон инээж билээ.Каной өвөө маш сайн өвөө.Миний өвөөгөөс зургаа ах бөгөөд,уулзах бүр Монголд буй өвөөг минь санагдуулна.Гэвч чихний хатуу хийгээд,нэг үгээ олон давтан ярих,бас биенээс нь хааяа гэнэт ханхлах илүү өтгөний үнэрийг би тэвчиж чадахаа байлаа.Хүүхдүүд маань жоохон болохоор юу ойлгохов дээ,ээжээ энд өмхий үнэртээд байна ш дээ,хурдан харъя л даа гэж орилоно.Юунаас ч илүү яс юман дээрээ шал танихгүй айлын өвөө надад улам дасаад,ярих ханитай боллоо гэж баярлан,дараагийн ням гаригийн хэдэн цагт ирэхэв?гэж шалгааж асуух нь сэтгэлд төвөгтэй.Хүүхдүүд нь эзгүй айлд байнга очтолоо хэний хэнсэн билээ?Хэдий ажил хэргээр байнгаманай шуудангаар үйлчлүүлдэг ч гэлээ хатуу шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан юм.
Дараа долоо хоногийн ням гариг,болзсон цагтаа би нөхөртэйгөө Каной шатахуун түгээх газрын өмнүүр давхиж өнгөрөхдөө хурдаа хаслаа..Эл хуль,том хаалганыхаа өмнө тэрээр биднийг хүлээгээд зогсож байв.Уг нь уулзаад ойр ойрхон ирэх боломжгүйгээ хэлээд явъя гэж бодоод гарын бэлэг бэлдсэн юм.Гэвч Каной өвгөний хорин наймтай одсон хүүдээ харуусах гуниг,хүүгээ эргэж ирсэн мэт хорин наймтай намайг ирэхийг тэсэн ядан хүлээх болсон өвөөгийн гуниг,баярын харцанд дахин ээрэгдэхээс айсандаа тэрүү, намайг олоод харчихвий гэхээс ар нуруунаас ямар нэг хүч түлхэн доош бөхийлгөлөө.
орчуулга уу болсон явдал уу? очихгүй дээ, хэр удаа аждаа гэж хэлмээр санагдлаа, уучлаарай
返信削除solo bold,sain baina uu?ene yag bolson yavdal,bi ene uvuugiin huu n ajilluuldag shatahuun tugeeguurees bainga benzin avch,orlogo oruuldag yum.Tegj l uvuugiin umnu hiisen gemee tsairuulah yumdaa.Odoo ch gesen gadaa salhilaad yavj baidag yumaa.Harin tiimee,Bi ch bas tuhain uyedee argaa barj baisan,odoo bodohod nastai hun gomdooson yum shig sanagdaad,setgeld hetsuu baidag yumaa.Setgegdelee huvaaltssand bayarllaa.
返信削除