Гараа алдлан ,цээжээ тэнийлгээд
Ганцхан чамайгаа угтан золгоод
Оршил,эхлэл,өрнөл,төгсгөлгүй
Огтоос анир шөнийг бүүвэйлж
Үггүй бүжиглэе,хурууг минь атгаач
Үнэр анхилуун биеийг чинь түшье
Гагцхүү харц чинь л ярьж
Гагцхүү харц минь л ойлгог
Бодол авхай сэтгэлийг цоожилж
Болзоонд явах хүслийг уявч
Ухаангүй насны хонгор зүрх
Урдын адил чамайг л үгүйлсээр
Хоргодох сэтгэл хүүхэд мэт дагаж
Хонгор биеийг балбан дэнсэлнэ
Хэлэх зүрхгүй,хүсэх эрхгүй
Хүүхэн заяаг элэглэн баясавч
Хариу үгийг чинь горидон хүлээхийг л
Танхил нас минь уучилна гэжүү
Үгүй ээ би тэсэхгүй
Үйлийн үрээ хожим л дэнслэе
Үггүй бүжиглэе,намайг уриач
Үдшийн намуунд ганхан найгая
Гагцхүү харц чинь л өгүүлж
Гагцхүү харц минь л уншиг
Гагцхүү харц чинь л аргадаж
Гагцхүү харц минь л жаргаг
Алсын далайг гатлаад ирээч
Алиман сар шиг мэлтийн ширтээч
Аанай л жаалхан биенд багтамгүй
Ариухан сэтгэлээр чамайгаа угтъя
Гэгээ орлоо чи минь яв даа
Гэргийн чинь сэтгэл сэмрэхийг тэвчихгүй ээ
Гэгэлзсэн бодлоо нулимстай аргамжиж
Гэнэхэн хайраа зүүдэндээ л маная.
Үггүй бүжиглэе,надад ойртооч
Үүрдийн дурсамжыг хамтдаа шигтгэе
Хүдэр цээжээ энгэрт минь түрэн
Хайрын тамга уруулаа бэлэглээч
Гагцхүү хайр чинь л үлдэнэ
Гагцхүү харц чинь л үгүйлэгдэнэ
Үггүй бүжиглэе,хайрт минь
2014.9.17.Япон
Дайрий

コメント
コメントを投稿