スキップしてメイン コンテンツに移動

Өнөөдрийн ном:8

 "ШИЛИЙН БОГД Гомбожавын Мэнд-Ооёо.

Эрт цагт Энэтхэг газар эрдэм сурахаар одсон
Эгэл нэг Монгол бадарчин дөчин жилийн аянаас эргэхдээ
Эцэг буурлын захиасыг санан эцсэн замын түшиг хийхээр
Ээлгүй харамч цэцэрлэгчээс элдвээр царайчлан ядаад
Эцэст нь нахиалан дэлбээлэхээ умартсан ганц зандан модны
Эгнэгт бул чулуу адил торойн хувхайрсан мөчрүүдийг
Энхрий сэтгэлээр дэлгэрэхийг хүсэмжлэн ээжийн бүүвэйг санагалзан
Эгшиг аялгууг түгээн эцэхээ мэдэхгүй дуулав гэнэ
Эргэх дөрвөн улирлыг элээн сууж хайлав гэнэ
Эргэн тойрныг бүчигсэд эхэндээ шохоорхов гэнэ
Элэглэж шоолов гэнэ,элдэвлэж жигшив гэнэ
Утгыг таньсан ламын уянга дуунд уяраа юу
уран мэхэнд унаа юу
Угийн сэтгэл сэргээ юү уйтай төрхөө гээгээд
Унаган төрхөө олоод урьдын өнгөөр ногоорсонд
Ухаант даяанч баясав гэнэ унхиагүй эзэн нь харамлав гэнэ
Гэвч нэгэнт шидийг үзүүлж сэргээн амилуулсан түүнээс
Гэмшиж хулгаад зайлахгүй тул гишүү төдий олговой
Гэгэлзэн баясаж хүртээд гэдрэг хойш буцахад нь
Гэсэр хатуужилаар хүлээсэн гэнэн хайртай аав нь
Гэртээ нэгэнт байсангүй гэмшиж харамсавч уулзсангүй
Эр зоригоор туулж энгүй говийг гатлавч
Эзэндээ очих хувьгүй эмтэрч хувхайрсан таяг
Эртнээс нүүдэлчдийн нутаг эгэлгүй түүхийн өлгийд
Эрдэмт даяанчыг түшиж эцсийн замд нь үдвэй
Холхи газраас гийчилсэн бурхны орноос буудалласан
Хожгор тахир гишүү хол өндөрт тэмүүлэн
Хур бороонд тэтгэгдэн хунгийн ганганаанд сэрвэлзэн
Холхиж доороо үндэслээд хотойж сууриа бэхлэв
Урьд хожид үзэгдээгүй цагаан зандан мод
Уран гоё мөчиртэй угалзат сайхан гишүүдтэй
Уужим цэнхэр тэнгэрийн доор ногоон навчисаа дэлгээд
Урь анхилуун үнэртэй үндэс бат суурьтайгаар
Уудам дэлгэр тал нутагт ургаж нэгэнт зохицжээ
Он цаг улирсаар орчлон ертөнц хувирсаар
Одож насыг барахад орыг залган мэндэлсээр
Орой нь тэнгэрт тулсан онцгойрч өнчрөн торойсон
Олны бишрэлийг тээсэн Онгоны элсний шүтээн
Оройн ганц модыг одоо эзэгнэн суугаа нь
Оосор бүчгүй тэнгэрийн оргилгүй цэнхэр хөндийд
Оломгүй хүчит Хангарьдийн орыг эзлэн үлдсэн
Огторгуйд дүүлэн нисэгч элэн халин шумбагч
Орь залуу хос Агшуу,Эгшүү шонхор
Онгон хайраа нэгтгэж овоохой үүрээ босгон
Олзны сайхныг шилэн амьтны сайныг авлан
Омгойт биеэ тэжээн амь биесээ эрхлүүлэн
Оюухай үрээ угтахаар озолдон жаргаж байтал
Ондоо нэг өдөр долоон тэмээ хөтөлсөн
Одой дөрвөн этгээд ойрхон буудаллаж аваад
Орсгой үмхий амнаасаа шар шүдээ гялалзуулан
Ор сонсож үзээгүй онцгой жигтэй хэлээр хэрээ мэт гуагалсаар
Омтгойлон дайрч ирээд огтолж бүхлээр нь тэгнээд
Олзлон авч одсонд Агшуу уурсав Эгшүү уйлав
Онгоны элсийг чимсэн галбарваасан шүтээн
Овойгүй хулгайчдын гарт алдагдаж сүйдсэнийг мэдээд
Огоорч сууж тэвчсэнгүй олж араас нь тандуулахаар
Будрын чулуунд оршсон уулын сүмийн өвгөн багш
Бушуу түргэн нэхэхийг бузгай залууд даатгавай
Агшуу шонхор хэрвээ хүний хэл мэддэгсэн бол
Нанзад хөвгүүн эсвэл шувууны дохиог ойлгодогсон бол
Олж ядах юмгүй сураглаж хайх төвөггүй
Олон говийг гатлахаар урагш жонжуулж явааг
Ойлгуулж барах юмгүй мөшгөж элдэх хэцүүгүй
Санаа сайн сэтгэл зөөлөн сайн ардын итгэлт хөвүүн
Сараар хөнжил нараар тэрлэг хийн
Саадыг үл ажран эрэл сураг гаргахдаа
Саатаж учирсан нэгэнд айлтгаж алдараа өчихдөө
Санаанд уяатай яваа тоорой ганц модыг
Сааталгүй холбон зохиож өөрийг шинээр нэрийдвэй
Сайн эрсийн хөшиг Шилийн Богдоо түшихдээ
Сэтгэл нийлсэн андуудтай учирч шийдэж бүгдийг хэлэлцэв
Сиймхийг алдахгүй сийргийг андахгүй
Санасанаа авч сааталгүй хүргэж
Сайны ерөөлийг хүртээд саалийн сүүгээр мялаалгаад
Сатааралгүй цааш нэхэж явтал
Саруул талд тэнцэхээр сая дөнгөж мэндэлсэн
Шарга хөөрхөн унагыг барьж тасдахаар гэтсэн
Саарал өлөн чоныг сайтар хүнд ташуураар
Сар гурав харагдтал сарьсан хоншоорыг ороолгоод
Салгаж хаясан цовдолыг нь хээрийн шувуудад орхиод
Сарвай сүүлийг унжуулаад хойд бүүргэндээ ганзагалав
Ардыг хайрлах ерөөлтэй ноёдыг хашраах цондонтой
Уртын дуунд мөнхрөх хувьтай эртний домогт эгнэх учиртай
Үеийн үед шагшигдан үрийн үрд бишрэгдсэн
Эрийн дээд Тоорой Банди
Эргэмэгийн дээд Жаахан шарга
Ийм сайн эр,ижил сайхан хүлэг хоюул
Энх талд ингэж учирсан гэнэм
Энэ хорвоог туулсан гэнэм
Үлгэр эндээс эхэлсэн гэнэм
Үлгэр эндээ төгссөн гэнэм
Шилийн богд роман бол миний ойлгосноор зүгээр нэг сайн эр,сайхан хүлэг,ганц модны хулгайн тухай домог зохиол биш юм.Ер нь яагаад Дарьганга нутагт тийм их сайн эрс байсан бэ?Тэнд Шилийн Богд уул байгаадаа биш,хийх юмаа олж ядсан хэнхэг танхайчууд цуглардагтаа биш,Монголын зусар бялдууч,өнгө мөнгөний,нэр алдрын төлөө бол хэдэн малаа байтугай ард түмнээ газар ус,юутай хээтэй нь худалдахаас сийхгүй арчаагүй ихэс дээдэстэн,тэдний нөмөр нөөлөгт ядуу ардыг хайр найргүй цөлмөж хэтэвчээ зузаатгадаг Манж ноёд,наймаа панз нар дэндүү их байсандаа болов уу.Хил давуулаад Монголын хамаг л өнгөтэй өөдтэй бүхнийг хямдхан зөөж,эргээд хужаагийн хямд хэврэг эд бараа хэд дахин үнээр өөрт ирдэг.Тэр цаг,энэ цагт огт ялгарах юм алга.Өнөөдрийн өрөвдөлт нийгмийг уг зохиол ёжтойгоор элэглэн сануулах мэт тийм ойр дотно мэддэг зүйлс байсан.Энэ романыг Монгол хүн бүр уншаасай.Ялангуяа өөрсдийгөө төрийн хүн гэж боддог,төрийн албанд байгаа удирдлагын хүн бүр уншаасай.Илд далд гэрээ хэлцэл баталдаг сайдууд,улсын төсөв тоншдог засаг дарга,авилгачид, гадаадынхны төлөө гар хөл бологсод,ард түмнээ хошгоруулдаг баагийнууд уншаасай.Харамсалтай нь тийм хүмүүс л уншихгүй байх даа.Ашиг хонжоо,нэр төрийн төлөө бясалгаад тархи нь завгүй байгаа юм чинь...
Номын нэр:Шилийн Богд
Номыг зохиогч:Г.Мэнд-Ооёо
Төрөл:Роман
Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
Хэвлэсэн он:2015/3
Хуудас:250
Үнэ:
хувийн үнэлгээ:☆☆☆☆☆
2015.6.12-13
Япон улс
©Dairiijav Ayurzana2006-2015





コメント

このブログの人気の投稿

Сайхан хангайн буга

Ижий минь их намуухан хоолойтой,дуу цөөтэй,дөлгөөхөн хүнсэн. Найр наадмын дугараанд дуулж гавихгүй ч,эвлэгхэн шиг ганц хоёр дуу дуулчихна. Хоёрдугаар ангид байхад нэг орой зурагтаар <Дуунд дуртай боловоо би>гэдэг дуу явж байна, Надад их таалагдлаа. Ноосон цамц нэхэж суусан ижийгээсээ энэ дууг заагаад өгөч гэж гуйхад ,12хуудастай нимгэн дэвтэр шинээр нээгээд эхний хуудсанд нь үгийг нь бичиж өгөөд хоюулаа ахин дахин дуулж хөгжилтэй нь аргагүй сууж билээ. Нэг өдөр ээж минь надад зохиолын дууны ном худалдаж авчирч өглөө. Эх орон,аав ээж янаг амрагын гээд хуучны өчнөөн сайхан дуу багт сан цагаан хавтастай тэр номон дотор <Сайхан хангайн буга> гэдэг нэгэн сайхан дуу байх юм. Ижийгээсээ ая дангий нь сурч аваад тогтоолоо. Хааяа амандаа аялдаг ч,утга учрыг нь айхтар ухаж ойлголгүй явлаа. 5р ангид орлоо.Сургуулын өвлийн амралтын өмнө нийт 5р ангиудын дунд ардын дууны тэмцээн болох зарыг дуу хөгжимийн багш маань түгээж,,манай ангийнхан би ч дуул,чи ч дуул,юу

Кавабата Ясүнари- Изүгийн бүжигч охин (Ⅰ)

Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ. Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв. Хөшөө шиг зог

Хүүхдэд холбогдох зан үйл ,ёс заншил ,түүнд сургахуй.

Р.Батаахүү гуайн< Монголчуудын сурган хүмүүжүүлэх гэрийн сургуулийн уламжлал 1991)номноос авав. Монголчууд эртнээс нааш хүүхдийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн билээ.Залуу эр,эм айл болуут үрийн зулай үнэрлэхийн хүслэн болж ,өвгөд хөгшид нь ам барих ачаа харах өдрийг тэсч ядан хүлээдэг билээ.Иймээс ч Үртэй хүн жаргадаг Үндэстэй мод найгадаг Эрдэмд оройгүй Үрд ганцгүй Ухтэл үр Үгүйртэл мал Үргүй хүн нуд нойтон Үртэй хүн өвөр нойтон гэхчлэн цэцлэн хэлэлцэж ирсэн байна, Ерөөс хүн гээч болж төрсний нэгэн их үйл бол өөрийгөө залгамжлан хийж бүтээх үр удмаа үлдээх явдал тул хүүхдийг өхөөрдөн хайрладаггүй хүн гэж үгүй юм.Тиймээс ч гэж ярилцдаг. Хүүхэд тээж буй эмэгтэйг жирэмсэн гэж нэрлэн ихэд хүндэлдгийн жир-гэсэн нь хоёр гэсэн үг бөгөөд угтаа хоёр хүн гэсэн утга тул тэр болой.Иймээс хүүхдийг мэндлэхээс эхлээд тэдэнд зориулсан ёслол,зан үйлийн арга хэмжээ авч ирсэн байна.Уламжлалаас үзвэл энэ нь хүүхэд угаах,насны ой тэмдэглэх,үс авах зан үйл түүнд холбогдох ёслол юм.